Улсын Драмын Эрдмийн театр болон Соёл Урлагийн Их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурж, "Г.Доржсамбуугийн нэрэмжит Жүжиглэх урлаг" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
УДЭТ-ын СУИС-тай хамтран хэрэгжүүлэх “Жүжиглэх урлаг” хөтөлбөр нь 2025 оны 06-р сард элсэлтээ зохион байгуулж, 2025 оны 09-р сарын 01-ээс хэрэгжиж эхлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. "Г.Доржсамбуугийн нэрэмжит Жүжиглэх урлаг" хөтөлбөр нь дөрвөн жилд нэг удаа элсэлт авах бөгөөд жүжигчний мэргэжлийн болон мэргэжлийн суурь хичээлүүдийг УДЭТ-ын найруулагчид, мэргэжлийн урлагийн байгууллагын нэр хүнд бүхий мастер багш нар зааж, ажлын байранд суурилсан сургалт зохион байгуулах юм.
Г.Доржсамбуу найруулагч нь 1980-1985 онд УБДС-ийн кино драмын жүжигчний багш, 1985-1994 онд УДЭТ-ын ерөнхий найруулагч, захирлаар ажиллаж, Монголын театрын урлагт шинэчлэл хийсэн найруулагч хэмээн үнэлэгддэг эрхэм билээ. 1990-1992 онд найруулагчийн санаачлагаар анхны Театр студи ангийн жүжигчдийг бэлтгэх сургалтыг эхлүүлж байсан түүхтэй...