ГБХНХ-ийн сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Цалинтай ээжийн 50 мянга бага байна. 500 мянга болгоно гэсэн зүйлүүдийг зарим гишүүд ярьж байна. Салбарын сайдын хувьд таны байр суурь ямар байна вэ?
-Улсын хэмжээнд 170 мянга орчим ээж энэ тэтгэлгийг авч байгаа. Одоо бид Халамжийн хуулиар УИХ-д өргөн барих гэж байна. Яагаад бид Халамжийн хуулиар өргөн барих гэж байна вэ гэвэл цаашдаа халамжийн хөтөлбөрөөр олгож бүх төслүүдээ эргэн харах ёстой юм байна. Хүүхдийн мөнгийг ч гэсэн халамжийн хуулиар өгч байгаа шүү дээ. Жилд улсын төсвөөс халамжид зориулан 2.4 их наяд төгрөгийг зарцуулж байна гэсэн тоо ярьдаг. Гэтэл 2.4 их наядын 1.7 их наяд нь дангаараа Хүүхдийн мөнгө байхгүй юу. Яг халамжид зарцуулж байгаа мөнгө 600-700 тэрбум төгрөг орчим бий. Цаашдаа бид халамжийн зорилтот бүлгийг тодорхой болгоё. Цалинтай ээжийг би халамж гэж ойлгохгүй байгаа. Энэ бол хүн амаа өсгөх бодлогын хүрээнд явах ёстой. Хүүхдийн мөнгө, Цалинтай ээж хөтөлбөрийг халамж гэж харахгүй байгаа. Тэгэхээр бидэнд байгаа одоогийн хувилбар бол нэгэнт төсвийн орон зай бага байгаа учраас 3 жилд сар тутам 50 мянгаар авах уу, 0-6 сар буюу нярай үедээ хамгийн их хүүхдийн сүү, памперсаас авхуулаад зардал гардаг үед нь 100-150 мянган төгрөг өгөх үү гэдэг тооцоолол дээр ярьж байна. Тэгэхгүй сэтгэлийн хөөрлөөр сарын 500 мянган төгрөг болгоно гэж болохгүй. Би Үүрийнтуяа гишүүнийг тийм үндэслэлгүй мэдэгдэл хийгээгүй гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл тэр хүн өөрөө эдийн засагч, тооцоолдог хүн. Цаашдаа Цалинтай ээж гэдэг нэрээрээ энэ хөтөлбөр үргэлжлэхээр бол ёстой жинхэнэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээндээ хүрсэн байх ёстой болов уу гэсэн санал санаачилгыг гарсан юм байна гэж ойлгосон.
-Яамны нэрийг сольсон. Ямар бодлого баримтлахаар сольсон юм бэ?
-Манай яам Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам байж байгаад Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болсон. Гэр бүлд суурилсан хөдөлмөр, гэр бүлд суурилсан халамжийг бий болгохыг зорьж байна. Гэр бүл салалтын гол шалтгаануудын нэг нь орон сууцны асуудал. Орлогод нийцсэн орон сууцны бодлогыг монголын төр явуулах ёстой. Тэр тусмаа өнөөдөр 40 хүртэлх насны нэгээс дээш хүүхэдтэй. Өмнө нь огт орон сууц авч байгаагүй иргэдэд зориулсан ипотекийн хөтөлбөр гаргахаар бид судалж байна. Энэ нөхцөл одоогоор эцэслээгүй байгаа.