УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас тодрууллаа.
-Таныг хандиваар авч өнчин хүүхдүүдэд өгсөн байрандаа хамаарал бүхий хүмүүсээ амьдруулсан гэх мэдээлэл гарсан. Та тайлбар өгөх үү?
-П.Наранбаярыг АТГ-т өгнө гэхээр л ийм юм сэвэгдчихдэг байхгүй юу. Тэгэхээр би хардах эрхтэй. Троллууд ажиллаад байгаа юм байлгүй. Би гэм хийгээгүй. Дөрвөн хүүхдэд буян болсон.
-Зөрүүтэй мэдээлэл яваад байна л даа. Та хүнд түрээсэлсэн байсан уу?
-Тийм зөрүүтэй мэдээлэл. Би гэм хийсэн бол хүний өөдөөс ингээд эгцлээд хараад ярьж чадахгүй. Яагаад гэвэл би тэр дөрвийн дөрвөн хүүхдэд тусалсан. Олон мянган багш хандив өгсөн. Тэр л буруутаагүй бол өөр надад ямар ч буруу байхгүй. Дүү нараа хаяад тэнэсэн гурван жаахан хүүхдийг тэгээд яах юм бэ. Харах хандах хүнгүй хаях юм уу. Болохгүй шүү дээ. Түүнийг л яриад байгаа юм. Одоо тэгээд юу гэж ярих нь хамаагүй. Би бол тэр хүмүүсийн ярианаас айж байгаа ч юм алга.
-Хандиваар цугласан мөнгөний тодорхой хувийг хувьдаа авсан гэх яриа байсан?
-Юу гэж хувьдаа авах вэ дээ. Тийм юм байхгүй. Худлаа.
-Хандиваар цугласан мөнгийг өөр зүйлд зарцуулсан, нэр шилжүүлж өгөөгүй, хүүхдүүдийг нь хөөгөөд гаргасан гэх мэт олон зүйлд тайлбар авмаар байна?
-Би яг одоо тархи толгой өвдөөд, стрессдээд ярих сонирхолгүй байна. Дараа яръя.
-Боловсролын салбарын хүн өөрөө боловсролгүй байна гэх шүүмжлэл байна?
-Боловсролтой гэхээр яах вэ. Би яг яасан байх вэ. Боловсролгүй байна гэдгийг ямар өнцгөөр хэлж байгаа юм.
-Таны мэдээлэл цахимд нээлттэй байдаггүй юм байна?
-Өгсөн шүү дээ. Өгөө биз дээ. Тэрийг нь хэн тавихгүй байгаа юм. Би 23 жил багшилсан. Тэр дутуу юу бас. Би Дорнодод сургууль төгссөн. Тэр сургууль хэнд хамаатай юм бэ. Би 23 жил багшилсан хүн шүү дээ. Худлаа үнэн дипломын цуглуулга биш би. Нэг л сургууль төгссөн би. Би худлаа ярьдаг хүн биш. Ордер нь энэ байна. Тэр охины нэр дээр байгаа.
-Анх худалдаж авангуутаа нэр шилжүүлээгүй. Асуудал үүссэний дараа шилжүүлсэн гээд байгаа?
-Багш нар битгий шилжүүл гэсэн. Зарчихна гээд байсан юм. Тэгээд хандив бүтэн цуглаагүй. 100 саяар авсан шүү дээ тэр байрыг. Хорин хэдэн саяыг нь би дүү нараасаа аваад, энэ тэндээс өр тавиад нөхөж өгсөн. Тэр л удаасан байхгүй юу. Би баян хүн биш шүү дээ. Жирийн багш. Тэгээд л энд тэндээс мөнгө гуйгаад, одоо яана аа, энэ үлдсэн мөнгийг нь яах вэ гээд л тэгж цуглуулж байж ордерыг нь гаргаж өгсөн байхгүй юу яг үнэндээ. Би хэрвээ баян тэрбумтан байсан бол тэр хорин хэдэн саяыг тэр дор нь асуудалгүй гаргаад өгчих байх л даа. Надад тийм бэлэн аймар их хорин хэдэн сая байхгүй. Хүний хүүхдэд аваад өгөх мөнгө байхгүй шүү дээ. Өөрөө хандиваар цуглуулж өгсөн юм чинь. Хүүхдүүдтэй холбоотой асуудал нарийн. Хамаагүй би бас яримааргүй байна.