Dark Light
Нийгэм | 2025-04-17

ТАНЫ ХҮҮХДИЙН БАГШ НЬ YOUTUBE, НАЙЗ НЬ TIKTOK БОЛСОН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хоёр ой хүрч байгаа болов уу гэмээр цовоо хүү өвдгөө нугалан цомцойтол сууна. Гартаа өнгө өнгийн үсэгтэй тоглоомон карт атгаж, "A is for Apple, B is for Ball..." гэж цовоо дуугаар унших. Түүний аялга цэвэр Англи хүнээс ч илүү тод, цээл сонсогдоно. Ийн ээж рүүгээ харан гараа даллаж, "Mommy, look!" гэж хэлээд инээмсэглэхэд ээж нь “ням ням” хэмээн тогоонд буцлах бантан руугаа заана. Хүү зөрүүлэн “no no” “sorry mama” гэж хэлээд “watch Baby” хэмээн ээж рүүгээ гараа хавсран гуйхад, “no, my” хэмээн ээж уурлангуй хэлэв. “Watch baby” гэдэг нь утас үзье гэсэн үг ажээ.

Ийн аав, ээж, ах дүүс нь хоёр ой ч хүрээгүй хүүгээ англиар ямар ч асуудалгүй ойлгож, Англи үсгийг хаанаас нь ч хараад уншчихдаг нь битүүхэндээ баярлаж өхөөрдөнө. Гэвч хүүгийн ярианд бараг л монгол үг үгүй ажээ. “APT” дуунд бөгсөө хаян бүжиглэж, “chicken, banana” дуу явахад тахиа, бананы хэлбэр гарган дэвхцэх. Гэрийнхнийхээ хэнийх нь ч утсыг аваад кодыг нь хийгээд youtube-ээс дуртай бичлэгээ төвөггүйхэн олоод тавина. Хаашаа л харна, таблет, зурагт. Хоёр алхаад л хүү дэлгэцтэй нүүр тулна. Youtube, tiktok түүний багш. Багш юу заана тэрийг л сурна шүү дээ.

Тэгэхээр монгол ёс заншил, хэл соёлоо таниулсан хүүхдэд зориулсан контент яалт ч үгүй дутагдаж байна. Хүүхдүүд аль сонирхолтойг нь л үзнэ. Хуучны арга барил өнөө цагийн хүүхдүүдэд тохирохгүй л болов уу. Бүх мэргэжил энэ контент гэх зүйл рүү хувиран уусаж байна.  20 жилийн дараа гэхэд Монгол хэлээ ч бүрэн ойлгохгүй, гадаадын соёлыг шүтсэн бүхэл бүтэн үе гарч ирэх вий. ЭЕШ-ын Монгол хэл, бичиг дээр сурагчид харьцангуй бага оноо авч байгаа гэх. 20 орчим хувь нь бүдэрч гэх тооцоолол гарсан. 2023 онд 4,856 шалгуулагч босго оноо хүрээгүй буюу 400-аас бага оноо авчээ. Ерөөсөө л Монгол хэл бичгийн анхан шатны мэдлэггүй бүтэн үе гарч ирж байгаагийн илрэл шүү дээ.

Тэгэхээр Монгол хэл, соёл, өв уламжлал чимээгүйхнээр бүдгэрэх вий. Энэ соёлын тээгчид бод өнөөдрийн балчир үрс маань. Өнөөдөр бидний хүүхдүүд дэлхийн хэл сурч байгаа. Маргааш дэлхийн хүн болох байх. Гэвч дэлхийн хүн болох доо, өв соёлоо тээж, үүнийгээ сурталчлах зүрх сэтгэлтэй байх нь чухал байна. Монгол ахуй, энгийн яриа, өвөө эмээтэйгээ ойлголцох хэл. “Лут хүүхэд шүү”, “өндөөр болоорой”, “За аштай юу даа”, “Сайн байна хүү минь” гэх үгс “Let’s go!”, “Great job!” хэмээн солигдох.

Энэ бол дэлгэцийн буруу биш ээ. Технологийг бүрэн гүйцэт ашиглаж сураагүй бидэнд алдаа байна. Түүнээс гадна хүүхдэдээ тавих анхаарал дутуугийнх. Унтахад нь эх хэлээрээ үлгэр уншиж өгөн, монгол дуу шүлэг зааж өгч, монгол ахуй соёлтойгоо ойр байхад нь бага ч гэсэн дэм үзүүлчихвэл. Эцэст нь хэлэхэд, хүү “A is for Apple” гэж цээжилж болох ч, “Алим” гэж мэдэхгүй бол тэр алимны амтыг хэзээ ч жинхэнэ утгаар нь ойлгохгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11