“Надад ирээгүй хайр” монголын уран сайхны олон ангит киноны Соёлоогийн дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Анужинтай ярилцлаа.
-“Надад ирээгүй хайр” киноны Соёлоогийн дүрээр олонд танигдлаа. Таны дүр олны дунд маш их яригдаж байна. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авч байв?
-Өмнө нь “Бид нэг гэр бүл” кинон дээр Б.Жаргалсайхан найруулагчтайгаа хамтарч ажилласан юм. Тэр дүр маань өрөвч, зөөлөн, ээжийнхээ үгнээс гардаггүй охины дүр байсан. Б.Жаргалсайхан найруулагч маань дахин санал тавьсан л даа. “Дахиад олон ангит кино руу орох гэж байна, гэхдээ эсрэг дүр. Одоо хоёулаа нэг эсрэг дүрээ базчих уу” гээд ярихад нь жаахан айж байсан. “Яана аа, ахаа би чадах юм уу” гэтэл “Чадна шүү дээ, миний охин” гэсэн. Очоод зохиолоо уншиж үзээд, уншлага хийгээд явж байхад энэ кино зохиолоороо үзэгчдийг хөтлөөд, эхний нэг анги үзсэн бол сүүлийн анги хүртэл нь хөтлөөд оруулаад явах кино байна гэж харсан. Зохиолоо уншаад өөрийнхөө дүрийг ямар муухай хүүхэн бэ гэж бодсон. Учир нь миний хувь хүн, үзэл бодлоос эсрэг тэсрэг дүр байсан. Гэсэн ч дотроо өөрийгөө чадна, хүн чамд найдаад энэ дүр дээр санал тавьж байхад чи чадна, энэ дүрийг бүтээж чадна гэсэн бодолтойгоор орсон.
-Кино дэлгэцээр гарж эхэлснээс хойш хүмүүс Бүжинг өрөвдөж, таны дүрийг үзэн ядсан өнгө аяс их харагдаад байгаа. Таны хувьд үзэгчдийн сэтгэгдлийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Зохиолоо уншиж эхэлж байхдаа л энэ бүх сэтгэгдэл, хандлагыг тооцоолж байсан. Би өөрөө хувь хүнийхээ үүднээс дүр дээр ирж байгаа сөрөг болон эерэг коммент нөлөөлөхгүй байгаа. Миний хувь хүн рүү, хувийн орон зай руу чиглэсэн коммент, намайг таньдаг мэддэг юм шиг амьдрал дээрээ ч ийм хүүхэн, энд тэнд тэгээд явж байсан гэх мэт комментыг уншаад за найзуудаа энэ чинь кино шүү гээд бичмээр санагдсан. Үзэгчид үнэхээр л кинондоо орчихсон, итгэчихсэн байна гэж бодсон. Урнаагийн бага нас дээр миний өөрийн охин орж тоглосон. Үзэгчдийн групп дээр бид хоёрын зургийг тавиад хэсэг явсан. Сэтгэгдлүүдийг уншаад хүүхэд рүү чиглэсэн коммент дээр эмзэг хүлээж авсан. Тэр хүүхэд ч гэсэн зохиолынхоо дагуу, зохиол дээр бичигдсэн үг, текстээр дүрээ бүтээж байгаа. Яагаад жаахан хүүхдэд ингэж хандаж байгаа юм бол гэдэг дээр эх хүнийхээ хувьд эмзэглэсэн. Бусдаар бол дүр болгон өөрийн тексттэй, хувцаслалт, будаг, зан аашийг яг зохиол дээр бичигдсэнээр гаргахыг зорьсон. Дүр бүхэн зорилготой байсан, тэр зорилгоо биелүүлж чадсан гэж бодож байна.
-Таны хувьд багаасаа жүжигчин болохыг мөрөөдөж, СУИС-ийг төгссөн байна лээ. Яагаад энэ мэргэжилд дурлах болов. Гэр бүлд нь урлагт ойрхон хүн байсан уу?
-Манай аав, ээж хоёр хоёулаа эмч. Ах маань ч эмч. Эмчийн гэр бүлд өсөж, өссөн орчин эмнэлэг, эмчтэй их ойр. Гэр бүлийнхэн урлагаас хөндлөн мэргэжлийн хүмүүс. Би ихэр, манай ихэр сэтгүүлч мэргэжилтэй. Гэр бүл дундаа ганцаараа урлагийн хүн. Багаасаа урлагт хайртай, бүжиглэдэг байлаа. Маш олон мэргэжил дээр эргэлзэж байсан. Тэр бүх мэргэжлийг мэдэрч үзэхийн тулд жүжигчин мэргэжлийг сонгох ёстой юм байна. Тэгээд ч хайртай юм байна, дуртай зүйлээ хийхээр хэдэн цагаар, яаж ч ачаалал авч байсан ядрах, залхах мэдрэмж авдаггүй.
-Та багадаа ямар хүүхэд байв. Урлагт хайртай, нийгмийн идэвхтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм шиг анзаарагдлаа?
-Би тавдугаар ангидаа нийслэлийн 84 дүгээр сургуульд орж, төгссөн. Төгсөөд СУИС-д орсон. Хичээлийн хажуугаар нийгмийн идэвхтэй, урлаг спортын үйл ажиллагаанд орохыг хичээдэг охин байсан. Манай ихэр бид хоёр хоёулаа идэвхтэй, хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан. Гэхдээ арай илүү хөдөлгөөнтэй нь намайг гэдэг. Бүр багаасаа мөлхөх, алхах гэх мэт хөгжил явагддаг үедээ ихрийгээ бодвол би арай түрүүлж явдаг байсан гэж манай ээж ярьдаг юм. Тэр утгаараа ч юм уу тогтож суусан ажил биш, ийш тийшээ явсан, юм юмыг оролдож үзсэн ажил тохирох юм байна гээд жүжигчин мэргэжлийг сонгосон доо.
-Ихэртэйгээ хэр адилхан бэ. Хүмүүс киноных нь дүртэй андуураад коммент бичих тохиолдол гарч байна уу?
-Ялгахын аргагүй адилхан биш л дээ. Зарим хүмүүс адилхан, зарим нь шал өөр гэдэг. Биеийн хувьд манай ихэр надаас өндөр. Яг ойроос харвал жаахан өөр зүйлүүд бий бий.

-Охинтойгоо хамт тоглосон гэхээр ээжийгээ дагаад жүжигчин болох болов уу. Охин нь энэ тухайгаа ярьж байна уу?
-Яг жүжигчин болно гэж хэлдэггүй. Охинтойгоо оролцсон хоёр дахь уран бүтээл. Өмнө нь “Тархи баригч” кинонд манай охин гурван настай байхдаа оролцож байсан. Тэр дүр дээр манай охин их уйлдаг. Тэгээд “Ээжээ жүжигчин аймар хэцүү юм байна. Би дахиж хэзээ ч ийм уйлдаг сценд тоглохгүй шүү” гэж байсан. Миний охин урлагт дуртай, хайртай. Гэхдээ жүжигчин болно гэж хэлдэггүй. Өөр мэргэжлийн тухай ярьдаг. Би зураач болно, уран нугараач болно, дуучин болно гэдэг. Охиноо урлагт дуртай, хайртай юм байна даа гэж боддог.
-Эмчийн гэр бүлийнхэн таныг жүжигчин болно гэхэд хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Дуртай ч биш, дургүй ч биш хүлээж авч байсан. “Чи чадвал, өөртөө итгэж байвал, дуртай бол ор. Хүн дуртай юмаа л хийж амьдрах ёстой. Дургүй ажилдаа хүн хүчлээд ч ирээдүй байдаггүй юм. Өөрөө үнэхээр цаашдаа ажиллаад, энэ мэргэжлээр амьдарч чадна гэж бодож байвал сонго” гээд сонголтыг чөлөөтэй өгсөн. Тулгаж шаардаж, энэ л мэргэжлийг сонго, эмч л бол гэх тулгалт байгаагүй. Сонголтыг надад үлдээсэн.
-Соёлоогийн дүр эсрэг талын хорчин дүр шүү дээ. Кино цаашид хэрхэн үргэлжлэх бол гээд үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа. Яаж нийгэмд хүрэх бол гэж бодож байв уу. Хүмүүсийн дунд яриа болж, гүн сэтгэгдэл үлдээж, хүрч чадах болов уу гэсэн төсөөлөл бууж байсан уу?
-Зохиолоо уншаад, киногоо бүтнээр нь харвал угаасаа л хүмүүст хүрэх юм байна. Тэр дундаас Соёлоогийн дүр тэгж тодорч гарч ирэхгүй байх гэж бодож байсан. Манай нийгэмд эсрэг дүрд хүмүүс дургүй. Миний дүр тодорч гарж ирээд, сенсац болоод, зураг хөргөө энд тэнд тавиулаад, ингэж их хүнд хүрнэ гэж бодоогүй. Тодорхой хэмжээний сөрөг коммент ирнэ гэдгийг тооцоолж байсан. Сөрөг дүр байгаа болохоор эерэг дүр хүмүүст илүү хүрдэг юм болов уу. Эерэг дүрийг хайрлах, өрөвдөх сэтгэлийг сөрөг дүр хүмүүст илүү хүчтэй өгдөг гэж би боддог. Энэ киноны уран бүтээлчид бүгд дүрийнхээ зорилгыг маш сайн ажиллаж хийсэн байна гэж харж байгаа. Бид зохиолоо мэдэж байгаа. Гэвч монтаж ороод ирэхэд эндээс ямар дүрс яаж гарч ирэхийг мэдэхгүй. Яг л хүмүүстэй адилхан 7 хоног болгон шинэ анги орохыг хүлээгээд, орсон өдөр нь үзэгчидтэйгээ цуг үзээд, догдлоод хүлээж байдаг. Энэ долоо хоногт ийм дүрс гарна, тэр тэгнэ гэсэн ямар ч төсөөлөл байхгүй.
-Эмэгтэй хүн хүнийг хайрлаад, өөрийгөө хаявал Бүжин шиг болох юм байна. Өөрийгөө хайрлаад, гоёод явах ёстойг Соёлоогийн дүр харуулаад байх шиг. Бас л нэг үзэгчдэд өгч байгаа мессеж юм болов уу?
-Зохиол дээр бичигдсэн дүр болгон амьдрал дээр байдаг. Соёлоо шиг эрх дураараа, айлын ганц охин. Мөнгөтэй чинээлэг, боловсролтой эмэгтэй хүн болгон Соёлоо шиг зан характер байхгүй шүү дээ. Масс Соёлоо шиг хүүхэн энд тэнд байдаг гэж ярьдаг. Мэдээж амьдралд байдаг дүрийг зохиол дээр бичээд, дүр дээр бий болгоод харуулж байгаа нь ийм амьдрал байдаг шүү. Зөв сонголт хийгээрэй гэдгийг хүмүүст нүдэн дээр нь гаргаад өгчхөж байгаа юм. Дүр болгон нь, үйл явдал болгон нь маш сайн мессеж өгсөн. Хүний сонголт болгон амьдралд ингэж нөлөөлдөг шүү гэдгийг анхааруулж, болгоомжлуулж байгаа. Манай киноны үндсэн зорилго, өгөх гэсэн мессеж нь үнэхээр сайн хүрсэн гэж бодож байна.
“Надад ирээгүй хайр” кино гарсны дараа уран бүтээлийн саналууд ирсэн үү. Одоо ажиллаж байгаа уран бүтээл бий юу?
-Одоохондоо ажиллаж байгаа уран бүтээл байхгүй. Жүжигчин гэдгээ түрхэн зуур, хэсэгхэн хугацаанд хойшоо тавьчихсан байгаа.
-Таны бүтээхийг хүсдэг дүр ямар дүр вэ?
-Эмэгтэй жүжигчдийн тоглохыг хүсдэг дүр нь хатны дүр байдаг юм шиг санагддаг. Гэхдээ яг миний тоглохыг хүсдэг дүр Бүжин. Гоё сайхан эмэгтэй болж байгаад, үнэхээр муугаа харуулдаг. Энэ дүр дээр ажиллахыг хүсдэг. Зовлон үзсэн эмэгтэйн дүр дээр би яаж харагдах бол гэх хүлээлт надад байдаг. Өөрөө өөртөө тавьж байгаа сорилт гэх юм уу даа.

-Киноны арын алба хүнд байдаг байх. Тархи баригч киног бүтээхэд хүнд хэцүү, шантармаар зүйл тулгарч байсан уу?
-Обьект хайх надад хүнд санагдаж байсан. Би өөрөө жүжиглээд сцентэй байсан өдрөө объект хайна. Зургийн дарга, найруулагчийн туслах байгаа ч гэсэн тэр хүмүүс эргээд зураг авалттай өдөр нь би тэр ажлыг нь орлох ажил хийж явдаг байсан. Зураг авалт хугацаа шаардана. Том сцен байвал дор хаяж 4 цаг авна гэхээр үйл ажиллагаагаа хаагаад зураг авхуулах газар тэр болгон олдохгүй, хүндрэлтэй байсан. Киноны арын алба хамаг ажлыг нугалж хийдэг. Саад бэрхшээлтэй тулгарна. Би арын албаныхандаа аль болох төвөг удахгүй, эсвэл хийж чадах зүйл байвал тусалчих юм сан гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Зарим нь санаа зовоод “Та яагаад ингээд байгаа юм бэ. Жүжигчнээрээ ийм юм хийлгэж болохгүй шүү дээ” гэдэг. “Та нар энд хүрэлцэхгүй байна. Бид хэд ингээд суугаад яах юм бэ. Хувцсыг чинь эмхэлчихье, будгийг чинь янзалчихъя, санаа зовох зүйлгүй” гээд хийж чадах зүйлээрээ туслахыг хичээдэг. Би үнэхээр арын албаныхнаа хүндэлдэг.
-2019 онд СУИС-ийг төгссөн гэсэн. Ангийнхнаас нь мэргэжлээрээ ажиллаж байгаа жүжигчид олон уу?
-Манай ангийнхан бүгд дор дороо уран бүтээл хийгээд, мэргэжлээрээ ажиллаад, амжилттай явж байгаа. Бие биеийнхээ кинонд очиж туслах, шаардлагатай дүр дээр нь ажиллаад өгөх үе байдаг. Medq-ийн Сайхнаа, Favway-ийн охид бүгд манай ангийнхан. Бүгд тус тусдаа ажиллаад, бие биедээ туслаад л явж байдаг.
-Гэр бүлийн хүн нь их ойлгож дэмждэг байх?
-Соёлоо амьдрал дээрээ ч ийм хүүхэн гэдэг коммент хүнд тусаад байгаа. Яагаад гэвэл би эцэг эхийнхээ гараас шууд нөхрийнхөө гарт очсон хүн. Нөхөртэйгөө үерхээд, айл гэр бүл болоод, аав ээж болоод амьдарч байна. Манай хүн MCS Coca Cola компанид маркетингийн менежер хийдэг. Нэг охинтой. Охин маань 7 настай.
-Эхнэр, охин хоёроо нэг уран бүтээлд харахад нөхрийнх нь хувьд ямар санагдсан бол. Танд хэлж байна уу?
-Хөөрхөн, хайрлам мэдрэмж төрдөг гэсэн. Намайг хараад угаасаа л ажил мэргэжил нь юм чинь гэж боддог. Охиноо хараад аав хүн нүдэнд нь нулимс цийлгэнэдэг юм билээ. Бид хоёрт харуулахгүй, цаашаа харж нэг нулимсаа арччихаад л... Киноны төгсгөлд нэр урсаж байгааг манай охин харчхаад “Миний нэр гарч байна” гээд орилсон чинь аав нь зургийг нь аваад стори хийж байх жишээтэй. Илэрхийлж хэлээгүй ч байгаа байдал, үг үйлдэл, харцнаас нь харахад л хайрлаад байгаа нь харагддаг.
-Таныг өмөөрсөн, магтсан, сайшаасан комментууд бас их байсан. Өөртөө урам болгож уншдаг уу. Ямар мэдрэмж авдаг вэ?
-Комментуудын 70 хувь нь кино шүү дээ. Жүжигчнийхээ ажлыг хийсэн байна. Дүрээ сайн гаргажээ гэх мэт комментууд байгаа. Түүнийг уншихаар хүмүүсийн сэтгэлд хүрэхээр эсрэг дүрийг би хийжээ, чадсан юм байна. Эхлээд санал тавихад өөртөө эргэлзэж байсан бол өнөөдөр би энийгээ даваад ард нь гарчихсан байна шүү дээ гэдэг итгэл, урам авч байгаа. Үзэгчид маань кинондоо үнэхээр орчихсон байгааг хараад, нийт уран бүтээлчид 4-5 сар гэрээсээ хол, ямар нөхцөлд, яаж ажилласан билээ. Халуунд халж, хүйтэнд хөрж ажилласан болохоор түүнийхээ үр шимийг хүртэж байна гэх цээж дүүрэн урам авч байгаа.
-Таны хувьд бүтээсэн дүрүүдээ эргэж харахад хамгийн хайрламаар нь аль нь вэ?
-“Тархи баригч” киноныхоо дүрд хайртай. Гаднах дүр төрхийн хувьд ч тэр, характерийн хувьд ч надаас өөр хүн. Дүрдээ ажиллаад, арын албандаа бас ажилласан болохоор бахархах сэтгэл төрдөг. Киноны сэдэв, зохиолын хувьд ч нийгэмд том мессеж өгсөн кино.
С.ОТГОНБАЯР













