Dark Light
Улс төр | 2026-01-22

Ж.БАТЖАРГАЛ: ТӨР ӨӨРӨӨ ИЛ ТОД, ТУНГАЛАГ БАЙХ НЬ МАШ ЧУХАЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд юун дээр голлон анхаарч ажиллаж байна. Зарим гишүүд тойрогтоо ажиллаж, зарим нь хуулийн төслөө боловсруулж байгаа харагдана...?
 
-УИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор гишүүд маань тойргуудад ажиллах үйл ажиллагаа ид өрнөж байна. Үүний зэрэгцээ УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, одоогоор хэлэлцүүлгийн шатанд явж байгаа олон ажлын хэсэг ажиллаж байгаа. Эдгээр ажлын хэсгүүд нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн идэвхжилийг нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, төрийн өмчийн засаглал, үр өгөөжийг нэмэгдүүлэх, баялгийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтыг оновчтой болгох, улмаар улс орны хөгжлийг хангах хөрөнгийн эх үүсвэрийг идэвхжүүлэх зорилготой. Иймд миний хувьд эдгээр ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй явуулах, иргэд олон нийт, салбар салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахад анхаарч ажиллаж байна.
 
-Намрын чуулган улс төрийн хүрээнд сенсацитай, олон үйл явдалтай өрнөлөө. Нөгөө талдаа УИХ хууль тогтоох үндсэн үүргээ гүйцэтгэсэн байх. Та өнгөрсөн намрын чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Намрын чуулган өөрөө онцлогтой. Учир нь ирэх он жилүүдийн хөгжлийн төлөвлөлтийг хэлэлцэж, түүнийг хангах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэдэг. Мөн эдийн засаг, нийгмийн амьдралын “цусны эргэлт” болсон мөнгөний бодлогын асуудлууд энд яригддаг. Түүнчлэн эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн уялдааг хангах зорилгоор дагалдан орж ирсэн хуулиудыг шийдвэрлэдэг, ач холбогдол өндөртэй чуулган байдаг. Энэ жилийн намрын чуулган ч мөн адил дээрх үндсэн чиглэлдээ төвлөрч, бодлого, үйл ажиллагааны шинжтэйгээр өрнөсөн гэж дүгнэж байна.
 
 -Чуулганы явцад улс төрийн маргаан, байр суурийн зөрчил ч багагүй гарсан шүү дээ...?
 
-Мэдээж аливаа бодлого, шийдвэрийн хүрээнд байр суурийн зөрүү, санал нийлэхгүй асуудлууд гарна. Энэ бол ардчилсан нийгмийн жам. Бид сонгосон нийгмийнхээ араншин, ардчиллын зарчмын дагуу хамтын удирдлага, хэлэлцүүлгийн үндсэн дээр асуудлаа шийдэж ирсэн. Энэ хүрээндээ ч шийдлүүдээ гаргасан. УИХ-ын олонхыг бүрдүүлж буй 68 суудалтай МАН бол ард түмнээсээ ирэх дөрвөн жилд улс орны хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн үзэл санааг хэрэгжүүлэх томоохон үүрэг, хариуцлагыг авсан. Бид энэ ачааг ухамсарлан үүрч явна. Нөгөөтэйгүүр цаг хугацаа, нөхцөл байдалтай уялдуулан эдийн засаг, нийгмийнхээ бодит байдалд дүн шинжилгээ хийх шаардлага тулгарч байна. Бидний урагшлах үйл явцад чөдөр тушаа болж буй бодлого, эрх зүйн зохицуулалтуудаа цэгцлэх зайлшгүй хэрэгтэй. Дэлхий нийтээрээ амаргүй нөхцөл байдалтай байгааг та бид мэдэж байгаа. Худалдаа, тарифын бодлогын маргаан өрнөж байна. Үүний цаад утга нь улс орон бүр өөрийн эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх, дотоод нөөц бололцоогоо бэхжүүлэх зорилготой холбоотой гэж харж байна.
 
-Дэлхийн эдийн засгийн өрсөлдөөн ширүүсч байгаа талаар та хэллээ. Энэ нөхцөлд Монгол Улс ямар чиг баримжаатай байх ёстой гэж хувьдаа үзэж байна вэ?
 
-Ерөөсөө л ойлголт нь тодорхой. Улс орнууд тогтчихсон нөлөөллөө бататгах, цааш ахиулахын тулд дотоодын зах зээлээ хамгаалж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, бусдын хэрэглээг хангах бараа бүтээгдэхүүн, баялгийг үйлдвэрлэж, түүнээсээ ахиу баялаг хуримтлуулах бодлого барьж байгаа хэрэг. Хэрэв бид үнэхээр туурга тусгаар улс орон мөн бол үндэснийхээ эдийн засгийн тогтолцооны чадамжийг зайлшгүй бий болгох ёстой. Өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, дотоодын зах зээлээ хамгаалах, ажлын байраа нэмэгдүүлэх, бүтээмж, үйлдвэрлэлээрээ эхлээд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад, дараа нь дэлхийн зах зээлд гарах л ойлголт. Ингэж байж л баялаг, нэмүү өртөг, түүнийг дагасан хөдөлмөрийн үнэлэмж, амьдралын чанарын асуудал бодитоор яригдана.
 
-Энэ чиглэлд УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы хугацаанд ямар бодлого баримталж ажиллав?
 
-Үндсэндээ УИХ-ын олонхыг бүрдүүлж буй намын бүлэг энэ бодлого, чиглэлд онцгой анхаарал хандуулж ажилласан. Намрын чуулганаар баялаг бүтээгчдийг дэмжих, эдийн засгийн идэвхжилийг өргөжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, дундаж давхаргыг бий болгох цогц бодлого, реформын асуудалд илүүтэй төвлөрсөн. Өөрөөр хэлбэл, бодлого, үйл ажиллагаагаа эдийн засгийн суурь шинэчлэл рүү чиглүүлж ажилласан гэж хэлж болно.
 
-Намрын чуулганы үеэр олонхын бүлэг дотор болон парламентын түвшинд маргаан, зөрчил гарч, төрийн үйл ажиллагаа гацаанд орох хэмжээнд хүрсэн. Энэ асуудлаа танай бүлэг шийдээд чуулган завсарласан. Гэхдээ зарим асуудал тодорхойгүй хэвээр үлдсэн гэх шүүмжлэл ч байна. Энэ улс төр хаврын чуулганаар үргэлжлээд явах эрсдэлтэй юу. Бүлэг дотроо үүнийг одооноос хэрхэн ярилцаж байна вэ?
 
-Үгүй ээ. Энэ бол тодорхой цаг хугацаанд үүсч буй нөхцөл байдалтай уялдаж гарч ирдэг үзэгдэл, үйл явц. Харин намрын чуулганы хугацаанд олонхын бүлэг улс орны хөгжлийн асуудалд бодлого, чиглэлээ төвлөрүүлж, нэгдсэн байр суурь, бодлогын чиглэлээ тодорхойлж чадсан гэж би ойлгож байгаа. Тиймээс намрын чуулганы завсарлагааны хугацаанд Засгийн газрын түвшинд ч, Их Хурлын түвшинд ч хаврын чуулган хүртэл хийх ажлын “гэрийн даалгавар” тодорхой болсон. Замын зураг гарсан гэсэн үг. Одоо бид энэ хүрээнд асуудлуудаа илүү нарийвчилж дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгож, улс орны хөгжил дэвшилд бодитой наалдацтай, үр өгөөжтэй төрийн бодлого, эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Нөгөөтэйгүүр, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бол олон намын тогтолцоог бэхжүүлэх, олон ургалч үзлийг хангах чиглэлтэй. Бид аль болох олон намын төлөөллийг хангаж, үзэл бодлыг уралдуулах замаар бодлогоо зөв тодорхойлж, нийгмийн нэгдсэн зөвшилцөлд хүрэх ёстой. Энэ бол парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх, парламентын засаглалыг цаашид баталгаатай авч явах чухал үйл явц. Мэдээж жилээс жилд, чуулганаас чуулганы хооронд бид суралцсаар л байна. Олон намын системийн нөхцөлд харилцан ойлголцож, хамтын шийдлээр асуудлаа авч явдаг шинэ соёл, шинэ арга барилд парламент бүхэлдээ суралцах ёстой. Тиймээс олонх, цөөнхийн зөрчлийг гацаа болгох гэж мэтгэлцэхээс илүү, зөв шийдэлд хүрэхэд анхаарах нь чухал гэж үзэж байна.
 
-Гол нь намрын чуулганы төгсгөлд танай бүлэгт үүссэн зөрчил хаврын чуулганаар дахиад үргэлжлэх үү. Үүнд бүлгийн даргын хувьд одооноос хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
 
-Асуудлаа зөв олж харж, нэгдсэн ойлголт, шийдэл дээр хүрч урагшлах нь л чухал. Парламентад орж ирж байгаа асуудлуудад улс төрийн намууд, намын бүлгүүд, зөвлөлүүд ул суурьтай, бодитой дүн шинжилгээ хийж, оноо, алдааг нь дэнсэлж, зөв чиг хандлагаа тодорхойлж чаддаг байх ёстой. Энэ бол ард түмнээс өгсөн мандат, даалгавар. Тийм учраас би нэг их учиргүй гацаа үүснэ гэж бодохгүй байна.
 
-Хаврын чуулганаар хэлэлцэх онцлох хуулийн төслүүд, бүлгийн зүгээс анхаарах гол асуудлууд юу байхаар байгаа вэ?
 
-Намрын чуулган завсарлах үеэр УИХ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө баталсан. Өөрөөр хэлбэл, УИХ-д аль хэдийнэ өргөн баригдаад орж ирсэн хуулийн төслүүд байна. Үүн дээр нэмээд хэлэлцүүлгийн түвшинд байгаа нэлээдгүй олон хууль бий. Эдгээрийг шийдвэрлэх ёстой. Манай намын бүлгийн хувьд хаврын чуулганд анхаарах гол асуудал бол баялаг бүтээгчдийг дэмжих цогц реформын эхлэлийг бодитоор тавих явдал. Энэ хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль, татварын багц хуулиуд өргөн баригдаад орж ирсэн байна. Хоёр дахь томоохон асуудал бол төрийн өмч, түүний засаглал, үр өгөөжийн асуудал. Тийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэлээн том шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, үр өгөөжийг дээшлүүлэх тухай хуулийг чанартай, бодитой болгож гаргаж ирэх ёстой. Сүүлийн жилүүдэд зохион байгуулсан олон сонсгол, мэдээлэл, хяналт шалгалтын үр дүнгээс харахад төрийн өмчийн үр өгөөж муу байна, хулгай, зэлгий, шахаа зэрэг асуудал байсаар байна гэдэг нь тодорхой болсон. Үүнийг арилгах ёстой.
 
-Таны хэлснээр асуудлын уг шалтгаан нь юунд байна вэ?
 
-Гол асуудал нь олон нийтийн оролцоо, хяналт, засаглал хангалтгүй байгаад оршиж байна. Үүн дээр нэмээд сайн менежмент, гүйцэтгэлд чиглэсэн удирдлага, үр дүнгийн тогтолцоо дутмаг. Эдгээрийг зөв шийдэж байж л бид төрийн өмчийн асуудлыг цогцоор нь засч чадна. 
 
 -Баялгийн сан, газрын хэвлийн баялгийн өгөөжийн талаар хаврын чуулганаар ямар өөрчлөлт яригдах бол...?
 
-Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байж, өгөөжийнх нь дийлэнх нь ард түмэнд оногдож байх ёстой гэсэн Үндсэн хуулийн үзэл санааг бодитоор амьдруулах асуудал бий. Үүний тулд баялгийн сангийн асуудлыг дахин харж, холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай. Ингэж байж одоо үе, ирээдүй хойч үе баялгаас тэгш хүртэх боломж бүрдэнэ. Энэ нь улмаар улсын их бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, иргэдийн амьдралын чанар, нийгмийн баталгааг сайжруулах суурь болно гэж үзэж байгаа. Ер нь хаврын чуулганы гол чиглэл бол улсын эдийн засгийн идэвхжил, тэлэлтийг бий болгох. Үүнийг дагаад баялгийн тэгш хуваарилалтын асуудал өргөн хүрээнд, бодит агуулгатайгаар яригдана.
 
-Цаг үеийн асуудлаар тодруулъя. Эрх барьж буй нам, парламент иргэдийн шүүмжлэлд дорвитой хариу өгч, хариуцлага тооцож чадахгүй байна гэх байр суурь нийгэмд түгээмэл байна. Авлига, төрийн албан тушаалтнуудтай холбоотой хэрэг ил болсоор атал бодит шийдэл харагдахгүй байна гэх шүүмжлэл ч бий. Бүлгийн даргын хувьд уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?
 
-Юуны өмнө төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төр өөрөө ил тод, тунгалаг байх нь маш чухал асуудал. Тиймээс төрийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, мэдэх эрхийг нь бодитоор хангах чиглэлээр хийж байгаа ажлаа илүү өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт, төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим тодорхой. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг Үндсэн хуулиар хуваарилаад өгчихсөн. Гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг УИХ гүйцэтгэх ёстой. Энэ хүрээнд тодорхой үе шаттайгаар хууль эрх зүйн орчныг шинэчлээд явж байна.
 
-Ил болсон авлига, хулгай, ашиг сонирхлын зөрчлийн хэргүүдийн талаар Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудын ажилд хэрхэн дүгнэлт хийж байна?
 
-Засгийн газар батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд ч нэлээдгүй ажлууд зохион байгуулагдаж байна. Авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил, хулгайтай тэмцэх үйл ажиллагаа нь зүгээр нэг гэнэт бий болоогүй, харин бодлого, арга хэмжээний үр дүнд ил болж, олон нийтийн анхааралд орж ирж байгаа үйл явц юм. Тиймээс үүнийг цаашид илүү өргөн хүрээтэй, тууштай явуулах ёстой. Нөгөө талд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, тухайн үйлдсэн гэм бурууд нь нийцсэн ял, хариуцлагын асуудал бий. Энэ бүхнийг цогцоор нь харж, зөв үнэлэх шаардлагатай. Олон нийтийн анхааралд орсон зарим хэрэг удааширч, “ужгирч” байна гэх шүүмжлэл бий. Энэ асуудал шүүх эрх мэдлийн байгууллагуудын хараат бус, шударга ажиллах зарчимтай шууд холбоотой. Шударга ёсны зарчим алдагдах ёсгүй. Хэрэв тодорхой асуудлууд шийдэгдэлгүй удааширч, нийгмийн бухимдал үүсгэж байвал парламент өөрөө үйл ажиллагаагаа энэ чиглэл рүү илүү чиглүүлэх ёстой. Юуны өмнө парламентын хяналтын асуудал бий. Аль үйл явц хаана, юунаас болоод гацаж байна вэ, ямар эрх зүйн зохицуулалт дутагдаж байна вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. Энэ хүрээнд холбогдох байнгын хороод судалгаа, тооцоонд тулгуурлан үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлж, эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх ажлуудыг хийж байна. Энэ бүгдийг нэг өдөрт бүгдийг нь шийдчихдэг асуудал биш. Тодорхой үе шаттайгаар нөхцөл байдлаа зөв үнэлж, бодитой дүгнэлт хийж, зөв шийдлийг олох шаардлагатай. Нийгмийн хүлээлт өндөр байгааг бид ойлгож байна, түүнийг хангах ёстой. Тийм учраас УИХ-ын олонх, МАН-ын бүлгийн зүгээс энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллана. Дан ганц төрийн өмч, байгалийн баялаг гэлтгүй эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт байгаа хүнд суртал, чирэгдлийг арилгах асуудал бидний анхаарлын төвд байна.
 
-Хаврын чуулганаар дэд сайд нарыг авахтай холбоотой Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бүлгээр хэлэлцэх үү?
 
-Би бол тодорхой нэг албан тушаалыг онилж яримааргүй байна. Харин томоор нь төрийн бүтэц, түүнийг дагасан үрэлгэн төсвийн асуудлыг ярих ёстой гэж үздэг. Төрийн чиг үүргийг ямар бүтэц, зохион байгуулалтаар хэрэгжүүлэх вэ, хаана давхцал, хаана хийдэл байна вэ гэдгийг олж харах нь чухал. Энэ чиглэлээр тодорхой судалгаанууд хийгдсэн. Ухаалаг систем, их өгөгдөлд суурилж, дата дээрээ тулгуурлан асуудлыг зөв шийдэх эрэл хайгуул явагдаж байна. Сүүлийн үед яригдаж байгаа “дахин инженерчлэл” ч үүнтэй холбоотой.
 
Төрийн бүтэц, орон тооны давхцал, үрэлгэн байдал дээр Засгийн газар зөв бодлого барьж ажиллах шаардлагатай. Энэ утгаараа төрд байсан давхцал, үрэлгэн байж болзошгүй бүтэц, орон тооны асуудлыг шинэ Засгийн газар олон талаас нь авч үзэж байна. Үндэсний хороо, комисс, зөвлөлүүдийг татан буулгах, яам агентлагуудын дэргэдэх нэгжүүдийн бүтэц, чиг үүргийг судалж, давхацлыг нь арилгах шийдвэрүүд гарч байна. Энэ бол зөв чиглэл. Үүнийг дагаад төсвийн асуудлыг ч мөн зөв шийдэх ёстой.
 
-Дэд сайдын орон тооны тухайд...?
 
-Би дэд сайд гэдэг албан тушаалыг дангаар нь салгаж харахаас илүү төрд байх ёстой бүтэц, байх ёстой орон тоо, байх ёсгүйг нь арилгах зарчмаар харах ёстой гэж үздэг. Ингэж байж л ажил зөв явна. Өнөөдөр бид парламентын засаглалаа төгөлдөршүүлж, хүчтэй Засгийн газартай байх зорилт тавьж байна. Үүний хүрээнд Засгийн газрын гишүүдийг парламентаас бүрдүүлсэн. Сайдуудын ихэнх нь ажлын долоо хоногийн ихэнх өдрийг Төрийн ордонд өнгөрүүлж байгаа. Ийм нөхцөлд салбаруудын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, эзэнтэй, үр дүнтэй явах шаардлага бий. Дэд сайдтай байх нь төсөв, эдийн засагт ачаалал учруулна гэсэн шүүмжлэл бий. Харин миний хувьд нэг, арван хэдэн дэд сайд томилсноор Монголын төсөв, эдийн засаг хүндэрчихнэ гэсэн ойлголттой санал нийлэхгүй. Хамгийн гол нь салбарууд зорилт, арга хэмжээнийхээ хүрээнд урагшилж, бодит үр дүн гаргаж чаддаг байх явдал. Нөгөө талд дэд сайд гэдэг албан тушаал олон улсын түвшинд ч нийтлэг ойлголт, практик болсон. Засгийн газар хоорондын ажлын хэсэг, комисс, салбар хоорондын хамтын ажиллагааг дэд сайд нар ахалж ажилладаг жишиг бий. Манайх дэд сайд нараа цомхотгож, төсөв хэмнэнэ гэж ярьснаар гадаад харилцаа, хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдаа, тэр дундаа Монгол Улсад орж ирэх дэмжлэг, шийдлүүд удаашрах нөхцөл байдал өнгөрсөн гурван жилийн хугацаанд тодорхой ажиглагдсан. Тиймээс энэ асуудлыг бид засах ёстой. Яг таны асууж буй тодорхой асуудлын хувьд ч бид дүн шинжилгээгээ хийж, бодит нөхцөл байдалд тулгуурлан шийдэл гаргах ёстой гэж үзэж байна.
 
-Өөрөөр хэлбэл, шууд шийдвэр гаргахаас илүү суурь шалтгааныг нь харах ёстой гэсэн үг үү?
 
-Тийм. Асуудлын үндэс углуурга нь яг хаанаа байна вэ, одоогийн тогтолцооны сайн тал нь юу байна, сул тал нь юу байна вэ гэдгийг зөв олж харж байж л шийдлийн тухай ярих ёстой. Төрийн бодлого гэдэг бол өнөөдөр нэг ингэнэ гээд, маргааш нь үгүй гээд байр сууриа сольчихдог асуудал биш. Нэлээд тогтвортой, бодит үр дүнг эрхэмлэсэн байдлаар явах ёстой.
 
Өөрөөр хэлбэл, энэ асуудалд улс төрийн богино хугацааны хандлага тохирохгүй гэж харж байна. Энэ бол хөнгөн, сэтгэл хөдлөлөөр шийдчихдэг сэдэв биш. Судалгаа, бодит нөхцөл байдал, урт хугацааны үр өгөөжид тулгуурласан шийдвэр гаргах л ёстой. Тийм учраас бид энэ асуудалд тайван, ул суурьтай, бодлогын түвшинд хандах ёстой.
 
Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж | ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07