Dark Light
Эрүүл мэнд | 2026-06-03

ЭРСДЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ХЯНАХ НЭГДСЭН ТОГТОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай хүүхэд бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, сэтгэцийн эмгэгтэй иргэдийн хяналт, хамгаалалтын тогтолцооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргээд байна.

Уг хэрэгт холбогдсон этгээд өмнө нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байсан гэх мэдээлэл цахим орчинд түгээд байгаа ч СЭМҮТ-ийн зүгээс тухайн хүний талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ мэдэгдлээ.

Учир нь Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд сэтгэцийн эмгэгтэй иргэний онош, эмчилгээ болон хувийн мэдээллийг тухайн хүн эсвэл хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглодог байна. Харин хууль хяналтын байгууллагын хүсэлтээр шаардлагатай материалыг албан журмын дагуу гаргаж өгдөг аж.

Хэрэв гэмт хэрэгт холбогдсон этгээдийг сэтгэцийн эмгэгтэй гэж үзэх үндэслэл байвал мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилж, сэтгэцийн байдлын дүгнэлт гаргадаг байна.

СЭМҮТ-ийн мэдээлснээр шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн хувьд эмчилгээний хугацааг мөн шүүх тогтоодог бөгөөд эмчилгээг зогсоох шийдвэр ч шүүхээр дамжин гардаг. Эмнэлгээс гарсны дараа тодорхой оноштой хүмүүс харьяа дүүргийн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад шилжиж, тогтмол үзлэгт хамрагдах ёстой байдаг.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар цаашид сэтгэцийн эмгэгтэй иргэдийг эмнэлгээс гаргах, хяналтад шилжүүлэх үйл явцад эрүүл мэнд, цагдаа, орон нутгийн захиргаа хоорондын уялдаа холбоог илүү сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, албадан эмчилгээ дууссан иргэнийг эмнэлгээс гарахад тухайн оршин суугаа хорооны цагдаа, өрхийн эмч, сэтгэцийн эмч нарт мэдээлдэг нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэжээ.

Мөн иргэд эрсдэлт зан үйл илэрч буй хүнийг анзаарах нь чухал болохыг онцолсон байна. Өөрийн үйлдэлдээ хяналтгүй болох, бусдын эд хөрөнгийг шалтгаангүйгээр эвдэх, хүйтэн зэвсэг барин бусдад халдах оролдлого хийх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай аж.

Ийм тохиолдолд иргэд 103 дугаарын түргэн тусламжид хандах боломжтой бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийн 1800-2000 тусгай дугаар 24 цагаар ажиллаж байна.

Нөгөө талаас сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн ар гэрийнхэн асар их ачаалал үүрдэг талаар эмч нар онцолжээ. Одоогийн байдлаар эмчилгээ нь сайжирч, гэр бүлийн орчинд амьдрах боломжтой болсон ч ар гэрийнхэн нь хүлээн аваагүйгээс эмнэлэгтээ үлдсэн олон арван хүн байгаа аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сэтгэцийн эмгэгтэй иргэдийг зөвхөн эмнэлгийн асуудал гэж харахаас илүүтэй нийгмийн хамгаалал, гэр бүлийн оролцоо, орон нутгийн хяналт, салбар хоорондын хамтын ажиллагааг хамарсан цогц бодлогоор авч үзэх шаардлага улам бүр тулгамдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10