Dark Light
Улс төр | 2026-02-08

ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ ДЭХ ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАРИЛЦАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын парламентын тэргүүн ОХУ-д ээлжит айлчлал хийж буй энэ үед хоёр улсын харилцаа ямар түвшинд явааг товч хүргэе.

Ардын хувьсгалын жил буюу 1921 онд тогтоосон анхны дипломат харилцаа Монгол, Оросын орчин үеийн найрсаг, ах дүүгийн хамтын ажиллагааны олон жилийн хөтөч болсон түүх бий. Мөнхийн хөрш орнуудын ойр дотно харилцаа бат бөх, тогтвортойгоор 100 гаруй жил үргэлжилж байгаа нь түүнээс ч өмнөх олон зуун жилийн уламжлалт, түүхэн хэлхээ холбооноос угшилтайг аль аль талдаа хүлээн зөвшөөрдөг.

Монгол Улс, ОХУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ 1993 онд байгуулагдсан юм. Энэ Гэрээг Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын тус улсад хийсэн дээд хэмжээний айлчлалын үеэр баталсан бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ардчилал, шинэчлэлийн үзэл санааны хүрээнд олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу хөгжүүлэх эрх зүйн үндэс болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын 2000 онд үзэглэсэн “Улаанбаатарын тунхаглал” бол хоёр орны харилцааны тогтвортой байдал, өсөлтийг хадгалахад чиглэсэн баримт бичиг болсон бол Ерөнхийлөгч Н.Энхбаяр, В.В.Путин нарын 2006 онд байгуулсан “Москвагийн тунхаглал”-д харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, агуулгыг нь баяжуулан, үр ашгийг дээшлүүлэх замаар  харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх бодлогыг тодорхойлжээ.

Харилцаа, хамтын ажиллагааны түвшинг ахиулах асуудал Улаанбаатарын болон Москвагийн тунхаглалуудын хүрээнд бэлтгэгдсээр 2009 онд стратегийн түншлэлд хүрсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд” гарын үсэг зурсан бөгөөд ийм түвшний харилцааны баримт бичгийг манай улс ОХУ-тай анх түрүүнд байгуулсан нь энэ юм.

Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хооронд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аж үйлдвэр, тээвэр, цахилгаан эрчим хүч болон аж ахуй, бизнесийн гээд бүхий салбарын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай идэвхжин хөгжсөнийг талууд харилцан дүгнэсэн байдаг. Иймд дараагийн үе шатанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэн, үүний бэлтгэл болох “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг 2016 онд баталлаа. Энэ хөтөлбөрт хоёр улсын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлж, хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг цаг хугацаатай нь нарийн томъёолон тусгаж байлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн гурав дахь удаагийн айлчлалын үеэр буюу 2019 онд Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хугацаагүй гэрээг байгууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулга, В.В.Путин нарын гарын үсэг зурсан энэ гэрээ бол хоёр улсын харилцааны хүрч болох хамгийн дээд түвшинг тогтоосон баримт бичиг гэж тооцогддог.

Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн улс төрийн яриа хэлэлцээ бүхий л түвшинд идэвхтэй өрнөж, өндөр, дээд хэмжээний харилцан айлчдадын давтамж тогтвортой хадгалагдсаар иржээ. Үүний дотор УИХ, Төрийн Думын буюу парламент хоорондын харилцаа чухал байр эзэлдэг. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүхий л салбарт харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлдэг төдийгүй соёл, түүх, уламжлал, улс төрийн үнэт зүйлсийг бэхжүүлдэг давуу талтай.

Төлөөллийн, ардчилсан институци болох хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь улс төр, геополитикийн ээдрээтэй үед харилцааны олон талт хүчин зүйлсийг хангаж, итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх хөшүүрэг болдог. Иймд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын харилцааны байнгын механизмыг байгуулах нь зүйтэй гэж үзэн, 2023 онд хоёр Хурлын хамтын ажиллагааны Комиссыг байгуулсан. Комиссын анхдугаар хуралдаан 2023 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо болж, газрын тос, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй,  аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын харилцааны механизмууд

Харилцан айлчлал

1994

УИХ–ын дарга Н.Багабанди

1996

Төрийн Думын дарга Г.Н.Селезнев

1997

УИХ –ын дарга Р.Гончигдорж

2002

УИХ –ын дарга С.Төмөр-Очир

2005

УИХ-ын дарга Н.Энхбаяр

2006

УИХ-ын дарга Ц.Нямдорж /Эрхүү хотод болсон Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцов/

2007

Холбооны Зөвлөлийн дарга С.М .Миронов

2009

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл

2009

Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов /Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов/

2011

Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов /Ази, Номхон далайн парламентын чуулга уулзалтанд оролцов/

2014

Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко

2015

УИХ-ын дарга З.Энхболд

2015

Төрийн Думын дарга С.Е.Нарышкин

2015

Төрийн Думын дарга С.Е.Нарышкин /Улаанбаатар хотноо болсон Олон улсын парламентын ассамблейн чуулганд оролцов/

2016

УИХ-ын дарга М.Энхболд

2018

УИХ-ын дарга М.Энхболд (Москва хотноо болсон “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцсон) 

2023

УИХ-ын дарга Г.Зандашатар

2023

Төрийн Думын дарга В.В.Володин

2026

УИХ-ын дарга Н.Учрал

Парламентын хамтын ажиллагааны Комисс

2023

Анхдугаар хуралдаан

2026

Хоёрдугаар хуралдаан

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07