Dark Light
Улс төр | 2026-04-08

ТӨР ХЭРЭЛДЭЖ БАЙХАД ТҮРҮҮВЧ ХООСОРЧ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Шинэ Засгийн газар бүрдэв. Шинэ сайд нар томилогдов. Гэвч шинэ нэрс гарч ирснээс бус шинэ бодлого харагдахгүй байна. Улс орны өмнө нүүрлэсэн асуудал бол сайдын суудал хуваах биш, шатахуун, инфляци, өр, эдийн засгийн эмзэг бүтэц, төрийн дампуурсан засаглал.

Өнөөдрийн Монголын эдийн засгийг нэг өгүүлбэрээр хэлбэл:
Өрөн дээр амьдарч, үнэд дарлуулж, шок хүлээж суугаа эдийн засаг.

Иргэдийн нийт зээл 26.8 их наяд төгрөгт хүрч, гуравхан жилийн дотор 2.2 дахин өссөн. Монголчууд орлогоороо амьдарч чадахаа болиод, зээлээр амьдарч байна.

Өөрөөр хэлбэл, цалин нь амьдралд хүрэхгүй, зээл нь амьдралыг нь чирч яваа. Тэр дээр нь хүнсний үнэ өссөн. Түрээс өссөн. Түлш өсөх гэж байна.

Ойрхи Дорнодод дайн эхэлмэгц нефтийн үнэ 70 доллараас 109 доллар хүрэв. Бараг 60 хувийн өсөлт. Энэ бол Монгол шиг шатахуунаа 100 хувь шахуу импортоор авдаг улсын хувьд эдийн засгийн цохилт.

Шатахуун бол зөвхөн машинд хийдэг шингэн биш.
Талханд ч бий.
Маханд ч бий.
Барилгад ч бий.
Автобусны үнэд ч бий.
Таксинд ч бий.
Эцэст нь иргэний халааснаас гардаг бүх мөнгөнд бий.

Нефтийн үнэ өсөхөөр бүх юм өснө. Ийм энгийн үнэнийг ойлгоход эдийн засгийн доктор байх шаардлагагүй.

Гэвч Монголын төр үргэлж л асуудал дэлбэрсний дараа сандардаг. Урьдчилж бэлддэггүй. Бодлого хийдэггүй. Нөөц бүрдүүлдэггүй. Эрсдэл тооцдоггүй.
Гал гарсны дараа худаг ухдаг төртэй улс.

Өнөөдрийн хүндрэл гадаад шалтгаантай мэт харагдавч үнэндээ дотоодын бүтцийн өвчин.
Монгол Улс нэг түүхий эдээс, нэг зах зээлээс, нэг нийлүүлэгчээс хэт хамааралтай хэвээр.
Нүүрс унавал сандарна.
Зэс савлавал чичирнэ.
Орос түлш хаавал зогсоно.
Хятад хил хаавал сөхөрнө.

Ийм эмзэг эдийн засгийг 30 жил “хөгжил” гэж нэрлэж ирсэн нь өөрөө эмгэнэл.

Хөдөө аж ахуй ч ялгаагүй. Малчдын орлогын 90 хувь нь мах, ноолуур хоёр дээр тогтож байна. Арьс шир, сүү цагаан идээ, дайвар бүтээгдэхүүн бараг үнэгүй. Өөрөөр хэлбэл Монголын мал бүтэн ашиглагдахгүй, зөвхөн хоёрхон бүтээгдэхүүн мөнгө болдог хоцрогдсон тогтолцоонд бид гацжээ.

Ноолуурын үнэ жаахан унавал малчин хямарна.
Махны экспорт гацвал орон нутаг хямарна.
Энэ бол зах зээл биш, эмзэг хамаарал.

Улс төрийн тухайд ч ялгаа алга.

Эрх баригч намын дотоод зөрчлөөс болж бүтэн жил төр гацаанд орлоо. Сайд нар хоорондоо, фракцууд дотроо, бүлэглэлүүд ар хударгаар тэмцэлдэнэ. Харин ард түмэн тэр зуур үнэтэй шатахуун, өндөр хүүтэй зээл, өссөн татварын доор амьдарна.

Монголд Засгийн газрын дундаж нас 1.7 жил.
Ийм насжилттай Засгийн газар бодлого хэрэгжүүлдэггүй.
Зүгээр л дараагийн огцрох өдрөө хүлээдэг.

Үр дүн нь юу вэ?

Монгол хүний нэг хүнд ногдох ДНБ 7300 доллар.
Хөршүүдийнх бараг хоёр дахин өндөр.
Солонгос, Японых тав дахин өндөр.

Энэ тоо бол зүгээр статистик биш.
Энэ бол монголчуудын амьдралын чанарын үнэлгээ.

Монгол Улс ядуу байгаа нь боломжгүйдээ биш. Буруу удирдуулсандаа.

Одоо Монголд хэрэгтэй зүйл бол ээлжит томилгоо биш.
Ээлжит намын шоу ч биш.
Ээлжит популист амлалт бүр ч биш.

Хэрэгтэй зүйл нь:

  • эдийн засгаа төрөлжүүлэх бодлого,
  • төрийн оролцоог багасгах реформ,
  • авлигын тогтолцоог задлах шийдэл,
  • улс төрийн тогтвортой байдал.

Өөрөөр хэлбэл,
хэрүүлээ багасгаж, ажлаа хийх.

Монголчууд нэг л амьдарна.
Тэр ганц амьдралаа улс төрчдийн ээлжит фракцын зодооны барьцаанд үрэх ёсгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22