Dark Light
Улс төр | 2026-04-27

ЗАМ БАЙВАЛ ЗАХ ЗЭЭЛ БИЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Гадаад бодлого гэдэг сүржин үгтэй. Харин бодит амьдрал дээр бол “яаж бараагаа зарж, юмаа зөөх вэ” гэсэн энгийн асуулт л байдаг. Үлдсэн нь гоёл.

Ухнаагийн Хүрэлсүх Казахстан руу явлаа. 20 жилийн дараах Ерөнхийлөгчийн түвшний айлчлал. Өөрөөр хэлбэл, бид энэ чиглэлийг мартчих шахсан байжээ.

Энэ удаа нэг өөр өнгө харагдсан. Үг биш, ажил ярьсан айлчлал.

Хоёр улс 1992 онд харилцаа тогтоосон. Тэр үеийн романтик уур амьсгал одоо байхгүй. Одоо бол ашиг сонирхлын үе. Хэн юу авах вэ гэдгээ ил тод ярьдаг болсон. Энэ бол дэвшил.

Монгол юу санал болгов? Ноос, ноолуур, мах, арьс шир. Өөрөөр хэлбэл, бидний уламжлалт экспорт. Казахстан юу өгч чадах вэ? Улаан буудай, хүнс, бас хамгийн чухал нь зах зээлд гарах гарц.

Гол асуудал нь бараа биш. Зам.

Монголчууд худалдаа хийж чаддаггүйдээ биш, хүргэж чаддаггүйдээ хожигддог. Логистик бол манай эдийн засгийн “хүзүүн дээрх гогцоо”.

Тиймээс энэ айлчлалын хамгийн үнэтэй хэсэг нь гэрээ биш, замын тухай яриа. Шууд нислэг. Дөт авто зам. Тээврийн коридор.

Улаанбаатар–Астана шууд нислэг гэдэг жижиг сонсогдоно. Гэхдээ бодитой. Хийж болдог. Хийчихвэл шууд нөлөө үзүүлнэ. Аялал жуулчлал, бизнес, харилцаа all in one.

Том мөрөөдөл нь илүү сонирхолтой. Казахстанаар дамжаад Төв Ази, цаашлаад Европ руу гарах. Энэ бол Монголын олон жил ярьсан “гуравдагч гарц”.

Өнөөдөр манай экспорт нэг чиглэлд хэт төвлөрсөн. Энэ бол эдийн засгийн эмзэг байдал. Хэрвээ Казахстаны коридор ажиллавал бид анх удаа сонголттой болно.

Сонголт гэдэг бол тусгаар тогтнолын бодит хэмжүүр.

“Нээлттэй зах зээл” гэдэг “амархан зах зээл” гэсэн үг биш. Казахстан бол 20 сая хүнтэй, өрсөлдөөнтэй, дотоод үйлдвэрлэлтэй орон. Зүгээр очоод амжилт олно гэж байхгүй. Бэлтгэлтэй нь л үлдэнэ.

“Айлчлал бүрийн дараа цаас л үлддэг” гэдэг. Энэ удаа арай өөр. Яагаад гэвэл ярьсан зүйл нь амьдралд ойр. Нислэг, логистик, худалдаа. Улс төрийн тунхаг биш.

Хамгийн сонирхолтой нь нефтийн сэдэв. Казахстанаас түлш авах тухай ярьж эхэллээ. Онолын хувьд зөв. Практик дээр гурав дахь хүн орж ирнэ.

Эндээс л бодит геополитик эхэлнэ. Монгол–Казахстан хоёрын асуудал биш. Гурван улсын тохиролцоо болно. Боломж бий. Гэхдээ автоматаар шийдэгдэхгүй.

Ер нь энэ айлчлал нэг зүйлийг тод харууллаа. Монгол Улс бүс нутагтаа “идэвхтэй тоглогч” болох гэж оролдож байна. Зүгээр ажиглагч биш.

Айлчлал бол эхлэл. Үр дүнг дотоод бодлого шийддэг. Хууль тогтвортой юу, гэрээ хэрэгждэг үү, төр нь үгээ барьдаг уу? хөрөнгө оруулагч үүнийг л харна.

Гадаадад сайхан харагдах амархан. Дотроо ажил хийх хэцүү.

Хэрвээ энэ удаагийн тохиролцоонууд бодит ажил болбол Монголын эдийн засагт шинэ “амьсгаа” орно. Хэрвээ үгүй бол бас л нэг сайхан айлчлалын түүх нэмэгдэнэ.

Ялгаа нь ердөө хэрэгжилт.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10