Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын башё Токио хотын “Рёогикү Кёокүгикан” ордонд зургаадахь өдрөө амжилттай үргэлжлэн явагдлаа. Өчигдөр эхний унаагаа авсан Их аварга Какүрюү М.Ананд өнөөдөр мөн л өвдөг шороодов. Тэрбээр маэгашира Дайейшотой барилдсан ба харилцан цүппари хийсэн боловч дэвжээнээс түлхэгдэн гарсан юм.
Өнөөдөр озеки Гойёдо болон Асанояма нарын барилдаанын үеэр болсон зүйл Япончуудын хариуцлага, хамтын ажиллагааг бүрэн харуулав. Маэгашира Асанояма барьц дутуу байсан ч бяр хүч, уян байдлын давуугаар илүүрхэн давлаа. Харин дэвжээний шүүгч дэвжээнээс нилээн эвгүй унаж, хоёр бөхийн барилдааныг харах, шүүх боломжгүй болсон үед дараа нь дэвжээн дээр гарах ёстой байсан шүүгч босож ирэн үүргийг нь гүйцэтгэв. Энэ нь сүмогийн түүхэнд тун ховор гардаг тохиолдол бөгөөд япон хүмүүсийн ажилдаа хэрхэн ханддагыг тод томруун харуулав.
Харин дэвжээнээс унасан шүүгчийн толгойноос нь цус гарч харагдав.
Маэгаширагийн Азамарюү С.Тодбилэг /3-3/ өнөөдөр Нишикигитэй барилдан унасанаар даваa, унаа тэнцлээ.
Дээд зиндааг маэгашира Окиноуми 6 даваатай тэргүүлж байна.
Өнөөдөр жюүрёо зиндаанд Чиёошома Г.Мөнхсайхан болон
Кирибаяма Б.Лхагвасүрэн нар хоорондоо барилдан Чиёошома давжээ.
Ёкозүна Какүрюү М.Ананд 4-2
М4 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-2
М15 Азүмарюү С.Тодбилэг 3-3
Жюүрёо зиндаа
Ж1 Чиёошома Г.Мөнхсайхан 4:2
Ж4 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2:4
Ж6 Миторюү Б.Төрболд 3:3
Ж7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5:1
Ж12 Сэйро А.Өнөболд 2:4
Ч.Амар