Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.
-АТГ-т яллагдагчаар татагдчихсан байгаа хүнийг ЭМДЕГ-ын даргаар тавьсан асуудлыг олон нийтийн цахим сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Та хэрхэн харж байна вэ?
-Чуулган дээр хэлсэн байр суурь хэвээрээ байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өнөөдөр ямар байдалтай байна. Эрүүл мэндийн байгууллагад тусламж үйлчилгээ үзүүлчхээд бөөн авлага, өглөгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд нь даатгалын сангаасаа бөөн авлагатай. Хувийн хэвшлийн эм ханган нийлүүлэх байгууллагууд ч бөөн авлагатай гэж байгаа. Бид нарын зорьсон эрүүл мэндийн салбарын реформ, эмчилсэн л бол санхүүжилтээ авдаг тэр санхүүжилтээрээ ажилчдын цалинг өгчихдөг, тоног төхөөрөмж шинэчилчихдэг, эмнэлгийн байгууллагаа өөд нь татчихдаг ийм тогтолцоог хийх ёстой том байгууллага. Бид хууль эрх зүйн орчноо шинэчлээд өгсөн. Төсөв санхүүгийн хувьд нэлээд тэлсэн. Бага хэмжээ биш. 2020 онд 405 тэрбум төгрөг байсан Эрүүл мэндийн даатгалын сан өнөөдөр 2 их наяд 500 тэрбум төгрөгтэй болчхоод байна. Гэтэл ажлыг урагшлуулаагүй, эрүүл мэндийн салбарыг доройтуулсан хүнийг эрүүл мэндийн сангийн авдар дээр нь аваачаад суулгана гэдэгт эмч хүний хувьд асар их дургүйцэл хүрч байна. Энэ чинь улс төрчдийн ээлжилж суудаг талбар биш шүү дээ. Чаддаг хүнээр нь хийлгэ л дээ. Болохгүй байна гэдгийг өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд харлаа шүү дээ. Үнэхээр харамсалтай байна.
-Өнгөрсөн жил таны хувьд эмийн сонсголыг зохион байгуулсан. Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төслийн мөнгийг шамшигдуулсан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ийм үйлдэл нь баримттай ил болсон. Энэ асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн асуудал байдаг юм болов уу?
-19 сая ам.доллар шүү дээ. Дэлхийн банк энэ мөнгийг буцаагаад татчихсан. Энэ ажлыг амжилтгүй болгож, эрүүл мэндийн салбарыг доройтуулсан хүн шүү дээ.