Цаг үеийн мэдээ

Түүнийг Отгонбаярын Ивээл гэдэг.13-хан настай. Гэхдээ тэр Монгол улсаа төлөөлөн олимпд оролцох эрхийн оноо багцлах тэмцээнд оролцохоор соёлт өрнө буюу хөгшин европыг зорих гэж байна.
Хүн мэдэхгүй юмныхаа тухай ярих, ярилцах ямар хэцүү гээч. Бичих түүнээс ч хүнд аж. Уран гулгалт хэмээх энэ агуу спортын хувьд би зөвхөн үзэгч. Шүтэн бишрэгч фэн ч биш, зүгээр л үзэгч  "өө уначихлаа, гурав бүтэн эргэсэн, энэ шүүгч ямар бага оноо өгдөг юм бэ"-гээс цаашгүй.
Миний найзын ах Осорын буюу Спартак Батсайхан гэж дэлхийд данстай агуу бүжгэн жүжигчин байлаа. Гэргий нь олимп,тив дэлхийн аваргад оролцсон том гимнастикч. Тухайн үед зурагтаар хоккей, уран гулгалт л гарах. Мэдээж би хоккеи, тэд уран гулгалтын тэмцээн их үзнэ. Бас Үрлээ бид хоёрын насаараа суралцаад барж дийлэхгүй байгааг нийлүүлж базаж нэгтгээд дээр нь хутганы ирэн дээр тэнцвэрээ олж гүйцэтгэнэ гэдэг агуу байгаа биз, Хансүндэрээ уран гулгагч болгоноо гэж ярьдагсан.

Харин Ивээл бол 2010 оны Ванкуверын олимпод Солонгосын Ким Ён А- г түрүүлэхийг хараад л би уран гулгагч болно хэмээн ээжийгээ шалсаар секцэнд орж 3-хан настайдаа мөсөн дээр гарсан нэгэн. Би Ивээлд төрмөл байсан өгөгдөхүүн нь дотроос нь хатгаад энэ уран гулгалт руу түлхсэн байх гэж боддог юм. Их огцом өссөн дөө жилийн дараа гэхэд л 2-3 жил хичээллэн бэлтгэж байж шалгалт өгдөг Мужийн уран гулгалтын холбооны гишүүний шалгуурыг даван Колорадо мужийнхаа данстай тамирчин болсон. Дараа нь клубийнхээ аврага шалгаруулах тэмцээнд насныхаа ангилалд түрүүлэн анхныхаа алтан медалиа хүртсэн. Денверийн клубүүдийн аваргаас техникийн төрлөөр мөнгөн медаль, Колорадо мужийн аваргын алт, Мужийн цомын мөнгө гээд л хөвөрсөн дөө. 2013 онд Мужийн аварга болсон болон мужийн цомын тэмцээнээс хүртсэн медаль амжилтууд нь түүнд Америкийн Нэгдсэн Улсын Уран гулгалтын холбооны хаалгыг нээж нэгдсэн улсын уран гулгалтын холбооны данстай тамирчин үндсэн гишүүн болгон өндөр зэрэглэлийн дасгалжуулагч дээр мэргэжлийн түвшинд хичээллэх шаардлага тавьсан. Ингээд Отгоо, Туяа хоёр маань охиноо Наталия Козова гэгч орос багш дээр хичээллүүлэхээр Денвер хотоосоо 115 км-н зайтай орших Колорадо Спрингс хотын Олимпийн сургалтын төв рүү 7-дахь жилдээ зөөж явна. Тэмцээн ойртсон өдөр бүрийн шахуу бэлтгэлтэй болохоор өнгөрсөн сард л гэхэд тэд 3000 шахам км туулан ирж очиж сургуулилтаа хийж.
Амжилт ахин, медаллийн тоо олширч, ангилал өөрчлөгдөх тусам ачаалал ихэссээр...Булчин суллах дасгал, усан бассеин, бүжиг балетийн хичээл, гимнастик, жүжиглэлт гээд л хамгийн завгүй 13 настан байх. Хүнд спорт юмаа. Ким Ён А шиг болох хүсэл, итгэл,мөрөөдөл нь л бэртэл гэмтэл бэрхшээл бүхнээ дарж явдаг байх. Энэ жил л гэхэд тэрээр мастеруудын ангилалд шилжин бүх мужуудын аваргууд, Канад, Солонгос, Японы тамирчид орцсон Бруадмүүрийн Нээлттэй /Broadmoor Open/ тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Одоо тэр Польшийн Гданьскийн Их -Дуулгыг/ Grand-Prix Gdansk. Poland/ зорин Монгол төрийнхөө далбаатайгаа мордох гэж байна. Тэндээсээ 9-р сарын 25-28 ны хооронд зохиогдох Хорватийн Загребийн Их дуулгад /Grand Prix Zagreb-Croatia/ оролцоно. Отгонбаярын Ивээл 9-р сарын 18-ны өглөө Польш улсын Гданьск хотоос эхлэх Их Дуулгаас эхлэн IVEEL- MONGOLIA гэж бичигдэх буюу МОНГОЛЫН ИВЭЭЛ гэж дуудагдаж эхэлнэ.
Сайн яваарай дүү минь. Дөрөөнд тань цацал өргөн үдье.

Х.Лхамжав Дэнвэр, Колорадо

Таны сурталчилгаа