УИХ баталж байхдаа л тодотгол хийхгүй тун чиг бүрэнхий юм болчихлоо гэж эргэлзсэн 2025 оны улсын төсвийг Ерөнхийлөгч бүтэн хүрэлдэж, бүхэлд нь сүхдэн тас хориглолоо. Үрэлгэн зардалтай төсвөө танаач хасаач гэж УИХ-ын гишүүдийг шүүмжлэхэд их ууртайгаар эсэргүүцсэн Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригийг эерэг баяртайгаар хүлээж авлаа. Танахгүй хэмнэхгүй гэж тас гүрийж байсан Сангийн сайд зардлаа 2,1 их наядаар хасаж, 1,9 их наядын алдагдалтай батлагдсан төсөв нь 180 хэм эргэж, түүхэнд анх удаа ашигтай болж хувирахаар байна. Улсын төсвөө товч дарж биш гар өргөж баталсан УИХ Ерөнхийлөгчийн өмнө хоёр гараа өргөлөө. Ёстой гоё төсөв байна гэж гараа өргөсөн 71 гишүүн ёстой муухай төсөв байна гэж гараа өргөхөөр байна.
Амралт массажны Фукуок аралд хур их туршлага хуримтлуулах маягийн гадаад томилолтын 111,7 тэрбум, тухтай буйдан, зөөлөн сандал зэрэг тавилга хогшилд 267,9 тэрбум, 16-18 насны хүүхдүүд байгальд аялах, хоолны фестивальд очих гэх мэтийн соёлын ваучерын 18,3 тэрбум, Хөвсгөлийн 18 суманд коммунист хэлбэртэй швейцар чийз хийж Хятадыг эзлэн дагуулах Ц.Даваасүрэнгийн “Үнэгүй бяслаг хавханд” төсөл гэх мэтийг олон нийт онцлон эсэргүүцсэн юм. Бусдаар гүйцэтгүүлсэн элдэв ажлын төлбөрт 1,9 их наяд, бараа үйлчилгээнд 964,2 тэрбумыг зарцуулахаар төлөвлөн төсөвлөснийг төрийн тэргүүн, түмэн олон хамтдаа чагталлаа.
Энэ бүх үрлэг зарлагын 10 төгрөг тутмын 9-ийг нь Туулын мөсийг долоох шахам, хуруу, хумсаа хугалан байж олсон ашиг орлогоосоо аж ахуйн нэгж, компаниуд татвар хураалгаж, ачааны хүндийг үүрнэ. Өнгөрсөн жилээс 49 хувиар илүү 31,9 их наяд төгрөгийн гувчуур гувчиж, татвар татахаар төлөвлөж, өнөө их үрлэг зарлагаа нөхөхөөр тооцсон байна. Америкийн Ерөнхийлөгчөөр бууны суманд үхдэггүй босоо шар Трамп ахин сонгогдож, Хятадын бараа бүтээгдэхүүнд 60 хувийн татвар тогтоохоо зарлан, худалдааны дайн нэгэнт сэргэсэн тул Монголын нүүрс, зэсийн үнэ ханш унах аюул бодитой нүүрлээд байна. Татварын байцаагч нар дансыг нь хаана, үйлдвэрийг нь зогсооно дарамталж шахамдуулна.
Айлаар бол улсын төсвийн үрэх олохоосоо үргэлж их, урд хормойгоо хойд хормойгоороо, өр бондоор нөхдөг улсын төсвөө сүүлийн 10 жилд 15,9 их наяд төгрөгийн алдагдалтай баталсаар ирсэн юм.