Монгол улсын боскын спортын ГАВЬЯАТ ТАМИРЧИН, Олимп, ДАШТ-ний хүрэл медальт Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 1982 оны 3-р сард Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод мэндэлжээ.
Монгол улсаас Олимпийн боксын төрлөөр Олимп, ДАШТ, Азийн наадам болон Ази Тивийн АШТ-ээс бүгдээс нь медаль хүртсэн 2-хон боксчин бий. Э.Бадар-Ууган гавьяат 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас алтан медаль, 2007 оны Чикагогийн ДАШТ-ээс мөнгөн медаль, 2006 оны Дохагийн Азийн наадмын тоглолтоос хүрэл медаль, 2005 оны ААШТ-ээс хүрэл, 2007 оны ААШТ-ээс алтан медаль хүртэж байжээ. Тэгвэл У.Мөнх-Эрдэнэ мөн энэхүү амжилтыг үзүүлсэн байдаг. Гэхдээ тэд өөр өөрсдийн түүхийг бүтээж, медаль хүртэж байсан. Тухайлбал: Э.Бадар-Ууган гавьяат Олимпоос алт, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол У.Мөнх-Эрдэнэ гавьяат Олимпийн наадмаас хүрэл, ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэн байдаг. Дээрх гавьяатууд бол Монголын Олимпийн боксын спортын түүхэнд тодоор бичигдэх тамирчид юм.
У.Мөнх-Эрдэнэ гавьяат 1996 оноос гавьяат дасгалжуулагч Д.Батмөнхийн удирдлагаар боксын спортоор анх хичээллэж эхэлсэн. Улмаар тэр Ардын Багш, гавьяат дасгалжуулагчийн үүсгэн байгуулсан “Алтан бээлий” клубын тамирчин болсон. У.Мөнх-Эрдэнэ гавьяат өдгөө 20 орчим жил боксын спортоор тасралтгүй хичээллэхдээ Монгол эх орныхоо алтан соёмбот далбааг тив, дэлхийн дэвжээнд олонтаа мандуулсан байдаг. Ялангуяа тэр Т:Үйтүмэн гавьяатаас хойш нэгэн цаг үед Монголын Олимпийн боксын спортыг нуруундаа үүрч явсан. Хамгийн сүүлд Т.Үйтүмэн гавьяат 2000 оны Сиднейн Олимпийн наадамд орсон бол түүнийг залгаж 2004 оны Афины Олимпийн наадамд У.Мөнх-Эрдэнэ эх орноо төлөөлөн оролцож, Монголын боксын тамирчдын Олимпийн буухиаг залгуулж байсан. У.Мөнх-Эрдэнэ гавьяат 2004-Афин, 2008-Бээжин, 2012-Лондон гэсэн 3 Олимпийн наадамд дарааллан эх орноо төлөөлөн оролцож байсан. 2008 он бол Монголын Олимпийн боксын төдийгүй Монголын ард түмэнд мөнхөд дуурсагдах Олимп болсон. Тэрхүү наадмаас манай улс 2 алт, 2 мөнгөн хүртэж, жүдо бөхөөр Д.Нямхүү, Д.Цэрэнханд, боксоор У.Мөнх-Эрдэнэ нар шагналт 5-р байранд шалгарч байсан. У.Мөнх-Эрдэнэ гавьяат Монголын Олимпийн спортын түүхэн дэх энэхүү алтан үеийн түүхийн нэгэн хэсэг нь болж байсан. Тэрээр Бээжингийн Олимпийн наадамд авч чадаагүй Олимпийн медалиа 2012 оны Лондонгийн Олимпийн рингнээс хүртэж Монголын ард түмнийг баярлуулж байсан нь саяхан мэт. У.Мөнх-Эрдэнэ гавьяат их спортод нэгэн сэтгэлийг зориулан 20 орчим жил үүрэг авсан эх орны цэрэг мэт зүтгэж явнаа. Мөн тэрээр “Дэлхийн цом”-н тэмцээнээс Монголын боксчдоос анх удаагаа медаль хүртсэн байдаг.
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн амжилтуудаас дурьдвал:
Олимп: 2012-Лондон 64 кг-д хүрэл медаль
ДАШТ: 2009-Милан, 2013-Алма-Ата тус бүр хүрэл
Азийн наадам: 2006-Доха мөнгө
Азийн АШТ: 2002 онд хүрэл, 2013 онд мөнгө, 2011 онд алт
Дэлхийн цом: 2008-Москва мөнгөн медаль
Оюутны ДАШТ: 2006 онд хүрэл
Зүүн Азийн АШТ: 2001 онд алт
Монгол улсын АШТ-ээс удаа дараа алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
Энэ мэт гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дотоодын болон ОУ-ын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн. Үүнээс гадна Германы Химийн цомын алт, хүрэл, Тайландын Эзэн хааны цомын хүрэл ... гээд дурьдаад байвал түүний амжилт нэлээд урт хөвөрнө. Тэрээр Эрдэнэтийн “Хангарьд” спорт хорооны нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцсоор ирсэн. Өдгөө түүнд зогсож үзээгүй том тэмцээний медалийн тавцан гэж үгүй. Монголын спорт, Монголын Олимпийн бокс У.Мөнх-Эрдэнээр олон жил гоёсон.