Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан, ашиглагдаж байгаа нийтийн зориулалтын орон сууцанд үзлэг тооллого явуулсан байна. Нийт 1937 барилга хамрагдсанаас 238 барилгад ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, биеийн тамир, соёл урлаг зэрэг олон нийтийн барилга байгууламжийн болзошгүй газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадвар, бат бэх тогтвортой байдалд хэмжилт судалгаа явуулжээ. Судалгаагаар мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулах ажлыг хэрэгжүүлж, болзошгүй газар хөдлөлтөнд тэсвэргүй барилгыг буулгаж шинээр барих юм. Ашиглах боломжтой барилгыг бэхэлж хүчитгэх ажлыг нэн тэргүүнд үе шаттайгаар зохион байгуулах хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, эрчимжүүлэх, чиг үүрэг бүхий байгууллагууд харилцан хамтарч ажилахыг даалгасан байна. Барилгуудыг паспортжуулсанаар мэргэжлийн дүгнэлт гарч, чанар аюулгүй байдал хангагдаж, дулаалах механизм, дахин төлөвлөх механизм бүрдэх юм. Санхүүжилтийн шугам сүлжээг төр хариуцаж, буулгаж шинээр барих, түр хугацаанд суурьших байрыг төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшил хариуцах юм байна.
Үзлэг тоолого явуулсан барилгын нийтийн зориулалттай орон сууцны 1413, төрийн өмчийн олон нийт иргэний 524 барилга байна. Эдгээрээс нийт 658 барилгын хийц, бүтцийн бат бэх байдлыг судалгаагаар тогтоож, мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулжээ. Нийтийн зориулалттай орон сууцны барилга 2011-2019 онд нийслэлийн засаг даргын 8 удаагийн захирамжаар 619, аж ахуй нэгж байгууллагын хүсэлтээр 10, нийт 629 барилгад мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулсан. Эдгээрээс газар хөдлөлтөнд тэсвэртэй 182, хүчитгэл бэхэлгээ хийх 93, барилгын үндсэн хийц , бүтээц ослын байдалтай , норм, нормитивийн баримт бичгийн шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөнд тэсвэргүй 354 барилгын дүгнэлтийг хяналтын байгууллагуудад хүргүүлжээ.