2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр нэг ой хоёр сартай хүүхэд цэцэрлэгтээ нас барсан хэрэг гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр 16:03 цагт “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1 нас 2 сартай эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” хэмээн мэдээлсэн байдаг.
Хүүгийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Хүүгийн ээж Д.Нандинболор мэдээлэхдээ “Миний хүү аравдугаар сарын 28-ны өдөр эндсэн. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очихдоо л амьсгал хураачихсан байсан. Багш нь манай ээжид анх хэлэхдээ “Мэдэхгүй ээ эгчээ. Хоолоо идэж байгаад унтчихсан байсан. Би өлгийдөөд аваачиж тавьсан” гэж уйлаад хэлсэн байгаа юм. Над руу ярихдаа “Ээж нь мөн үү? Хүү чинь унтаж сэрээд царай нь сонин болоод байна аа” гэж ярьсан. Ямар ч эцэг, эх хүүхдээ тийм болчихсон гэж бодож эмнэлэгт очихгүй. Би анх бодохдоо аа миний хүү хордлогод орчихжээ. Гүйлгэсэн юм байна даа гэж бодоод эмнэлэгт очсон. Үүнээс хойш бараг 24-25 хонож байна. Шүүх шинжилгээний хариу нь арай гэж нэг юм гараад бидэнд танилцуулсан.
Гэтэл ямар ч хууч өвчингүй хүүг минь элэг, бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны асуудалтай байсан болохоор зүрх нь хаагдсан гэх дүгнэлт гарсан байна. Мөн хатгаатай байсан гэж байгаа. Хатгаатай байгаад тэр нь хүндрээд элэг бөөр рүүгээ ороод, зүрх судасны өвчин болгоод тэр нь зүрхийг нь хаасан байна гэсэн утгатай дүгнэлт өгсөн.
Энэ бол ямар ч боломжгүй. Миний хүү ханиадтай байсан нь үнэн. Гэхдээ хатгаа болоогүй. Ханиадыг нь эдгээгээд бид цэцэрлэгт нь өгсөн. Ямар ч зүрх судасны өвчин байгаагүй. Анхнаасаа миний хүү эв эрүүл, сав саруул хүүхэд байсан. Бид хүүхдээ сайхан амьдруулахын тулд өдөр өнжүүлэхэд өгөөд, алдчихлаа. Багш нар нь хариуцлага хүлээх ёстой байтал одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. Багш нар нь сул чөлөөтэй явж байна. Тэр цэцэрлэг дөрвөн жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Хяналтын камер байгаагүй. Тэр өдөр хоёр багштай 11-хэн хүүхэд цэцэрлэгтээ ирсэн байсан. Яагаад тэр 11-хэн хүүхдийг харж, хамгаалж чадаагүй юм бэ. Яагаад хариуцлага алдсан юм бэ. Би үүнд үнэхээр гомдолтой байна. Шүүх шинжилгээг хийсэн Болормаа гэдэг задлангийн эмч нь яагаад ийм дүгнэлт гаргаж байгаа юм бэ. Үүнд ямар нэгэн гадны нөлөө орсон гэдэгт би итгэлтэй байна. Би өглөө эрт ажилтай байсан болохоор тэр өдөр хүүгээ эрт босгоод өглөө 07:00 цагт цэцэрлэгт нь хүргэж өгөөд, зүв зүгээр баяртай гэж даллаад багшдаа тэврүүлээд орсон үрийг минь өдөр нь эндчихлээ гэж ярьсан. Тэр өдөр надад маш хэцүү байсан. Одоог хүртэл үнэнтэй эвлэрч чадахгүй маш хэцүү байна. Би одоо эндээс гараад хуульчаас зөвлөгөө аваад, задланг хийсэн эмч Болормаа, мөрдөн байцаагч гээд бүх хүнд гомдол гаргана. Энд бүхэл бүтэн хүүхдийн амь нас яригдаж байна. Хүүхэд болохоор нь миний хүүд бүх бурууг чихээд орхих гэж байна уу. Ямар ч эцэг эх хүүхдээ л бодно. Би хүүгийнхээ хэргийн үнэн мөнийг олохыг хүсэж байна” гэв.
Үүний дараа Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бүртгэл мэдээлэл, технологийн хэлтсийн дарга н.Мөнхбат мэдээлэл өглөө.
Аравдугаар сарын 28-ны өдөр тус үйл явдал болсон. Манайхаас шинжээч томилох тогтоолыг хүлээж аваад, шөнө нь нэн даруй нь амь хохирогчид шинжилгээ хийсэн. Шинжээч томилох тогтоол дээр арваннэгдүгээр сарын 15-нд шинжээчийн дүгнэлт гарах хугацааг тогтоосон байна. Энэ хугацаанд шинжээч эмч дүгнэлтээ гаргасан. Шинжээч эмчийн дүгнэлтээ шинжээчийг удирдсан даргадаа хянуулдаг. Дарга нь хянаад 18-ны өдөр баталгаажуулаад Бүртгэл, мэдээлэл, технологийн хэлтэст шинжилгээг хаалгаад 19-ний өдөр СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий этгээд нь шинжилгээний дүгнэлтийг хүлээн авсан байна. Энэ бол ямар нэгэн шинжилгээний хугацаа хэтэрсэн тохиолдол байхгүй. Хуулийн хугацаа буюу мөрдөгчийн заасан хугацаанд дүгнэлтийг гаргасан байна. Дүгнэлтийн утгыг бид мэдэхгүй. Хуулиараа тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх хуулийн заалттай. Хэрэв мөрдөгчөөс дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх тогтоол ирвэл бид дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийнэ. Дахин шинжилгээ хийхэд өмнө нь шинжилгээ хийсэн шинжээч тэр бүрэлдэхүүнд орохгүй. Гурваас дээш эмч орж дахин дүгнэлтийг гаргана.
С.ОТГОНБАЯР