Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотыг анх 500 гаруй мянган хүн амтай, 80 хүрэхгүй мянган авто машинтай хөгжинө гэж төлөвлөжээ. Гэтэл өнөөдөр хүн амын тоо 1,4 саяд хүрч, авто машины тоо 510 мянга боллоо. Өдөр тутамдаа 30-40 мянган тээврийн хэрэгсэл орон нутгаас ирж, хичээлийн шинэ жил, баяр ёслолын өдрүүдээр бүр ачаалал ихэсдэг.  Тэр ч утгаараа 2012 онд байгуулсан Нарны гүүрний бүтээн байгуулалт авто замын ачааллыг тодорхой хэмжээнд бууруулсан тооцоо байна.

             Харин Замын цагдаагийн гүүрэн гарц нээгдсэнээр Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна.

            Өдөрт 500 гаруй мянган авто машин зорчдог, хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар муутай Улаанбаатар хотод шинэ гүүрний зорчих хэсгийг 9 дүгээр сарын 16-ны өдөр нээсэн. Урагш хойш хөдөлгөөн бүрэн нээгдсэн ч 11-р сарын 30 хүртэл Нарны замтай холбогдох хэсгүүдийг гүйцээх, гэрэлтүүлэг бусад засварын ажил хийгдэх юм байна. Энэ бол Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух дөрвөн эгнээ бүхий 477 метр гүүр юм.

            Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний  ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ажилласан байна. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилчид ажиллажээ. Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгсөн байна. Гүүрийн ажлыг хоёр жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн ч нэг жилийн хугацаанд барьж, энэ 11-р сарын 30-н гэхэд бүрэн нээхээр ажиллаж байгаа юм байна.

            Өчигдөр Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг нээсэн бол ирэх 25-нд нарны замтай холбох В рампийн барилгын ажлыг дуусгах аж.  Түүнчлэн Сэлбэ гол дээгүүрх гүүр, авто зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлууд хийгдэнэ.  Дашрамд сануулахад гүүрэн замын хөдөлгөөнийг нээсэн ч Нарны зам руу буух тойрог ажиллаж эхлээгүйг Замын цагдаагийн газраас сануулжээ.

Таны сурталчилгаа