Сүүлийн үед Монголчууд Солонгос улсын виз мэдүүлэх нь нэлээдгүй ихэссэн билээ. Гэтэл визний материал виз мэдүүлгийн газраас буцаагдах тохиолдол нэлээдгүй гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд та дараах зүйлсийг анхаарна уу.
1. Юун түрүүнд визний зөвлөгөө авах шаардлагатай. Ингэснээр ямар төрлийн виз мэдүүлэх боломжтойгоо мэдэж авах юм. Учир нь зөвхөн аяллын визнээс гадна хөнгөлөлттэй нөхцөлөөр виз мэдүүлэх боломжтой гэдгээ мэдэхгүй хүмүүс нэлээдгүй байдаг. Тиймээс зөвлөгөө авах нь таньд тохирсон ангилалд виз мэдүүлэхэд туслах юм. Ихэнх виз мэдүүлгийн газрууд амралтын өдөр хагас ажиллаж зөвхөн визний зөвлөгөө өгдөг. Энэ боломжийг ашиглан амралтын өдрөө юу юу бүрдүүлэх шаардлагатайгаа мэдэж болох юм.
2. Визны анкетаа заавал Солонгос хэлээр бөглөх шаардлагагүй байдаг. Элчин сайдын яамны вэб сайтаас визний анкетаа татаж аваад англиар бөглөхөд хангалттай. Ингэснээр анкет бөглүүлэх 15,000 төгрөгөө хэмнэх боломжтой юм.
3. Визний материал виз мэдүүлгийн газраас буцаагдах шалтгаануудын ихэнх нь бичиг баримтын хугацаа дууссантай холбоотой байдаг. Жишээлбэл: Төрөл садангийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа гэх мэт бүх лавлагаа болон тодорхойлолтууд хугацаатай байдаг. Бичиг баримтаа хэт эрт бүрдүүлэх нь тухайн бичиг баримтын хугацаа дуусах нөхцөлийг бүрдүүлдэг аж. Тиймээс лавлагаа болон ажлын газрын тодорхойлолтоо виз мэдүүлэхээс нэгээс хоёр өдрийн өмнө авахад хангалттай. Харин цагдаагийн тодорхойлолт 3 сарын хугацаатай тул эрт авах боломжтой юм.
4. Бичиг баримт тамгагүй байх ч мөн материал буцаагдах шалтгаан болдог. Жишээлбэл ажлын газрын тодорхойлолт тамгагүй байна гэдэг хүчингүйтэй адил юм. Мөн ажлын газрын тодорхойлолтод дээрээ ямар ажил эрхэлдэг, хэдэн төгрөгийн цалин авч байгаагаа заавал тусгах шаардлагатай байдаж аж.
5. Хэрвээ сургалтын виз мэдүүлэх тохиолдолд маш эртнээс сургуульруугаа бичиг баримтаа бүрдүүлж явуулах хэрэгтэй. Учир нь сургуулийн урилга удаж ирснээс үүдэн оюутнууд нэлээн сүүлд визний материалаа бүрдүүлж виз мэдүүлдэг. Ингэснээр хичээл нь эхлэж Солонгос явж чадахгүйд хүрдэг байна.
6. Буудлын хаяг, утас виз мэдүүлэхэд анкет нь дээр бичигддэг. Хүмүүс буудлын хаяг утсыг нэлээдгүй чухалд тооцон мөнгөөр авах тохиолдолд ч байдаг. Гэвч үнэндээ энэ нь тийм ч чухал биш юм. Та өөрөө интернетээс буудлын хаяг хайгаад бичихэд хангалттай байдаг.
7. Визний материал мэдээж орчуулагдах шаардлагатай байдаг. Тиймээс хүмүүс виз мэдүүлгийн газраас өөр газарт орчуулга нэлээдгүй хийлгэдэг. Гэвч Элчин сайдын яамнаас виз мэдүүлгийн газрууд орчуулгандаа алдаа гаргавал сануулга өгдөг тул виз мэдүүлгийн газрууд гадны орчуулгын алдааг сайн хянаж авдаг. Хэрвээ орчуулга алдаатай байвал буцаагдах тохиолдол ч бас нэлээн байдаг. Тиймээс материалын орчуулгаа виз мэдүүлгийн газраа орчуулуулах нь илүү ашигтай гэж хэлж болох юм.
Эцэст нь хүмүүс визний зөвлөгөө өгнө гэсэн хувийн байгууллагад мөнгө өгч визний материалаа бүрдүүлдэг. Энэ нь магадгүй виз мэдүүлгийн газрууд үнэгүй зөвлөгөө өгдгийг мэдэхгүйтэй холбоотой байж болох юм. Тиймээс та визний зөвлөгөө өгдөг хувийн компаниас шаардлагагүй мэдээлэл авалгүй албан ёсны виз мэдүүлгийн газарт очих нь мөн л материал буцаагдахаас сэргийлэх юм.