Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхээр болж, тус улсыг зорьсон билээ.
Түүнийг ийнхүү Солонгос улсад эмчилгээ хийлгэхэд зориулж Монгол Улсын Засгийн газраас 100 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон бол Онцгой байдлын байгууллага, алба хаагчид, Орхон аймгийн ЗДТГ, монголын ард түмэн сайхан сэтгэлийн хандивыг өгснөөр эмчилгээний зардлыг бүрдүүлсэн юм.
Тэгвэл аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат БНСУ-ын Жүн-Ан эмнэлэгт хагалгаанд орж, хагалгаа амжилттай болсон хэмээн түүний эхнэр А.Мөнгөнцэцэгээс талархлын захидал ирүүлжээ.
Тус захидалд, Эрхэм хүндэт ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын ЗУГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлстийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлстийн дарга, дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ, Орхойн аймгийн ЗДТГ, мөн аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, орлогч дарга, дэд хурандаа Д.Золжаргал, Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, “Босоо хөх монгол”-ын хамт олон, тэргүүн Г.Ганхуяг ах, АНУ-ын Чикаго хотод суугаа Алимаа эгч, гэр бүлийн найзууд, Эрдэнэзориг ах, Болормаа эгч, ТВ9 телевизийн сэтгүүлч Ганзориг, нийт хэвлэл мэдээллийнхэн, “Ачит-Ихт” ХХК, “Жаст-Ойл” ХХК, Булган аймгийн Онцгой комисс, Жаргалант сумын 98 оны төгсөлтийнхөн болон нутгийн ард иргэд, ах дүү нартаа, Монголын ард түмэн та нартаа маш их баярлалаа. Бид хоёр та нарынхаа сэтгэлийн дэмээр Солонгос улсын Бусан хотод ирж яаралтай хагалгаандаа орлоо. Арав гаруй цаг үргэлжилсэн олон хагалгааг зэрэг хийж, амжилттай боллоо. Эмнэлгийн дарга болон эмнэлгийн хамт олонд нь, Насаа, Хишгээ нартаа баярлалаа. Та бүгдэд урт удаан насалж, эрүүл энх, хамгийн аз жаргалтай байхыг хүсье.
Та бүгдийг хүндэтгэсэн гэр бүл, үр хүүхэд, эхнэр А.Мөнгөнцэцэгээс нь гэжээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.