Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь албан томилолт Хөвсгөл аймагт үргэлжилж байна. Тэрээр Тариалан сумын “Алтандуулга” ХХК-ийн тариалангийн талбайд очиж ургац хураалтын байдалтай танилцав.  Хөвсгөл аймаг энэ жил 170 орчим мянган га талбайд үр тариа тариа, үүнээс 16558 га талбайд улаан буудай, арвай 120, овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235.5, хүнсний ногоо 178.7, ногоон тэжээл 810, рапс 3453 га талбайд тариалжээ. Өнөөдрийн байдлаар 10882 тонн ургац, үүний дотор төмс 510 тонн, хүнсний ногоо 390 тонныг хурааж  авсан, ургац хураалт 47 хувьтай байна.

Тариалангийн бүс нутгийн газрын хөрс харилцан адилгүй байдаг учир Улсын тэргүүний тариаланчдыг шалгаруулахдаа бүсчилж байхыг ахмад тариаланч, агрономич Ж.Жаргалсайхан Ерөнхий сайдад санал болгов. Хөвсгөл аймаг цаг уурын сэрүүвтэр нөхцөлд уулын өвөр, нөмөр нөөлөг бараадаж газар тариалан эрхэлдэг. Бүх боломжоо дайчлан ажилладаг ч ургац хураалтаараа улсдаа тэргүүлэх болзол хангадаггүй байна. Энэ саналыг Ерөнхий сайд судалж үзэхээ хэлэв.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Мөрөн хотод  иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таны сурталчилгаа