Ерөнхий сайд У.Хүрэлсүх Даваа гарагт /2019.09.23 / Хөвсгөл аймагт ирлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь албан томилолт Хөвсгөл аймагт үргэлжилж байгаа бөгөөд түүнийг хүлээн авах ёслолын ажиллагаа Чингүнжавын талбайд боллоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 9-р сарын 23-24 өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллана. Энэ хугацаанд Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт хийж, Мөрөн сумын 1-р цэцэрлэг, Нэгдсэн эмнэлэг, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, Монгол цэргийн нэгдсэн холбооны болон “Хүчээ нэгтгэе”1000 залуучуудын чуулга уулзалт, арга хэмжээнүүдэд оролцох юм.
Тэрээр өчигдөр Тариалан сумын “Алтандуулга” ХХК-ийн тариалангийн талбайд очиж ургац хураалтын байдалтай танилцсан юм. Хөвсгөл аймаг энэ жил 170 орчим мянган га талбайд үр тариа тариа, үүнээс 16558 га талбайд улаан буудай, арвай 120, овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235.5, хүнсний ногоо 178.7, ногоон тэжээл 810, рапс 3453 га талбайд тариалжээ. Өнөөдрийн байдлаар 10882 тонн ургац, үүний дотор төмс 510 тонн, хүнсний ногоо 390 тонныг хурааж авсан, ургац хураалт 47 хувьтай байгаа юм байна.
Хөвсгөл аймаг цаг уурын сэрүүвтэр нөхцөлд уулын өвөр, нөмөр нөөлөг бараадаж газар тариалан эрхэлдэг. Бүх боломжоо дайчлан ажилладаг ч ургац хураалтаараа улсдаа тэргүүлэх болзол хангадаггүй байна. Энэ саналыг Ерөнхий сайд судалж үзэхээ хэлэв.
МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хөвсгөл аймагт ажиллах үед дагалдан явах ажлын хэсэгт УИХ-н дэд дарга Л.Энх-Амгалан, Нийгмийн Хөдөлмөр хамгааллын сайд С.Чинзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, ЗГХЭГ-ын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн албаныхан, Ерөнхий сайдын хамгаалалт, үйлчилгээний ажилчид, Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл зэрэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тэрээр мөн Мөрөн хотод иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Б.ГЭРЭЛНЯМ