Цаг үеийн мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын уугуул Үндэсний шигшээ баг, “Ажнай” групп, ШШГЕГ-ийн "Сүлд" спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга Эрдэнэбатын Цэндбаатар.

Анхны багш нь Д.Энхтайван. Боксын спортоор 10 настайгаасаа хичээллэж эхэлсэн. 2008 оны Бээжингийн олимпод Монголын боксчид оргил амжилтаа үзүүлэн Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль зүүн эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ. Тэдний амжилт олон хүүхлийн боксоор хичээллэх хүслийг бадраан Спортын ордныг зорьсоны нэг нь Э.Цэндбаатар юм.

Азийн хүүхдийн гуравдугаар их наадмын мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, Германы “Химийн цом” тэмцээний Алтан медаль, Бага дэлхийн аваргын мөнгөн медальт. Рио-гийн олимпд хүрэл медалийн төлөө тулалдсан.

Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийг 2015 онд төгссөн Э.Цэндбаатар боксын спортын оргил амжилтаа үзүүлэхийн тулд Их сургуульд сурах мөрөөдлөө хойш тавин бүх цаг заваа бэлтгэл сургуулилтандаа зарцуулж байгаа.

Индонез улсын нийслэл Жакартад болсон 2018 оны Азийн наадам, энэ оны дөрөвдүгээр сард Тайландын Бангкок хотод болсон Азийн АШТ-д тус тус түрүүлсэн. Энэ жилийн ДАШТ-д хүрэл медаль хүртэн Монголын боксчдын 12 дахь медалийг эх орондоо авчраад байна.

Одоо тэрбээр "Токио 2020" олимпийн наадамд оролцон медаль хүртэж, ард түмнийхээ ачийг хариулах ТОМ зорилго бий.