Цаг үеийн мэдээ

Шаварш Карапетян хэмээх Армян эр бол эгэл жирийн боловч гайхалтай түүх намтартай хүн юм. 

Тэрээр усан доогуурх сэлэлт( шумбалт) -н дэлхийн 11 рекордын эзэн, Европын 13 удаагийн аварга, ЗХУ (СССР)-н 7 удаагийн аварга, ЗХУ-н гавьяат тамирчин хүн юм.

1974 оны 1 сарын 8 нд Цахгадзор спортын баазаас Ереван руу 30 гаруй зорчигчтой ( ихэнх нь тамирчид) автобус явж байтал уулын огцом өгсүүр дээр машины моторонд гэмтэл гарч жолооч нь гарч шалгах үед автобус газрын уруу өнхөрсөн байна. Тэр үед Шаварш маш шаламгай хөдөлж жолооны ард үсрэн сууж автобусыг аюулгүй болгож чаджээ.
1985 оны 2 сард Ереваны концертын төвд гал гарахад мөн гал түймрийн голомт руу дотогш орон галыг унтраалцан өөрөө гэмтэл, түлэгдэл аван сар гаруй эмнэлэгт эмчлүүлсэн байна.

1976 онд Ганноверт болох байсан дэлхийн аваргад явах байсан боловч бие нь өвдөж шалгаруулах тэмцээн дээр муухан амжилт үзүүлж шигшээгийн дасгалжуулагч өөр хүнийг оронд нь авч явжээ. Еревандаа ирээд 9 сарын 16 ны тэр өдрийн өглөө уламжлалт ёсоороо 20 км -н гүйлтэнд 25кг элс үүрэн дүүтэйгээ( мөн шигшээгийн тамирчин) гүйж байтал усан сангийн далан даван нэгэн троллейбус ус руу унасан байна. Шаварш гүйх замдаа хувцсаа тайлан ус руу шууд оров. Ус 12 градус, бохир , ямар ч үзэгдэх орчингүй байв. Шаварш 6-10 метрийн гүнд шумбан троллейбусны арын шилийг хөлөөрөө хагалан гарт тааралдсан хүнээ татан гаргаж байв. Дүү нь завин дээр гарган эрэг рүү аваачиж байлаа.

Троллейбус толгойгоороо унан сүүл хэсэг бага зэрэг өндийсөн байсан учир хүмүүс амьсгалах агаартай байв. Нийт 92 хүн байснаас тэрээр 46 -г нь ганцаараа татан гаргаснаас 20 хүн л амьд гарч чаджээ. Нэг удаадаа татан гаргасан зүйл нь сандлын бүрээс байж таараад оронд нь нэг хүнийг аврах байсан юм гэж харамсан уйлж байжээ. Тэр зүйл нь хожим хэд хэдэн удаа зүүдэнд нь орж байсан гэдэг. Аврах ажиллагаа 20 минут үргэлжилсэн бөгөөд эмч, аврагч, шумбагч нарыг ирэхэд үлдсэн хүмүүс нь аль хэдийн өнгөрсөн байв.

Тэд, зөвхөн энэ гайхалтай аварга тамирчин л хүн энэ бүхнийг хийж чадах байсан өөр хэн ч чадахгүй байсан хэмээн хэлж байсан юм. Өөрийнх нь бүх бие шилэнд зүсэгдэн хөл нь гүн шарх авсан юм. Эмнэлэгт тэр даруй аваачсан боловч цусанд нь халдвар орж 2 уушиг нь үрэвсэн үхлийн ирмэг дээр ирсэн ч эмч нарын ачаар 45 хоногийн дараа хөл дээрээ боссон байна. Уушигны үрэвслээс болж наалданги үүсэн амьсгалахад ч хүнд болж байнга ханиалгаж байсан тул эмч нар түүнд спортод хөл тавихыг хориглосон байна. Гэвч тэрээр уйгагүй хичээллэн формондоо орж 1977 оны Европын аварга болж 11 дэх дэлхийн рекордоо эвдсэн байна.

Түүний амийг аварсан хүмүүс нь бүр 6 жилийн дараа л " Комсомольская правда" сонингоос л аврагчийнхаа талаар мэдэж авчээ. Тэр үед үзэл суртлын нийгэм байсан учир Зөвлөлтийн тээврийн хэрэгсэл ус руу унах " ёсгүй" байв. 1982 онд тус сонины сурвалжлагч шигшээ багийн ахлах дасгалжлуулагчтай ирж уулзан энэ болсон явдлыг яриулан олон нийтэд ил болгожээ. Осол яагаад гарсан бэ гэвэл гэрчүүдийн ярьснаар нэгэн зорчигч жолоочтой маргалдан барьцалдан жолооч жолоогоо алдсан бөгөөд тэр 2 хоёул амь гарч чадаагүй байна. Жолооч нь гэмт хэргийн улмаас шоронд сууж байсан нэгэн байжээ. Амь аврагдсан нилээн хэдэн хүн нь ирж уулзан байнга холбоотой болсон байна. Түүнийг "Почётный знак" буюу "хүндэт тэмдэг "одонгоор л шагнасан байна.

Зөвлөлтийн удирдлагууд руу ЗХУ-н баатар цолоор шагнах тухай хүсэлт зарим нэгэн хүмүүс явуулсан боловч тэр үеийн засгийн газрын тэргүүн Косыгин : " Нэг үйл явдалд 2 удаа шагнахгүй, танай Армянаас л ийм одонгоор анх шагнах хүсэлт явуулсан шүү дээ" гэж хэлжээ.
66 настай тэрээр одоо Москвад эхнэр 2 хүүхдийн хамт гутлын дэлгүүрийн бизнес эрхлэн даруухан аж төрж байгаа юм байна.

Эх сурвалж: Рэнцэнханд Сайхан Уул

 

 
 

 

Таны сурталчилгаа