Цаг үеийн мэдээ

Одоогоос гучаад жилийн өмнө хотын төрөх газаруудад дөнгөж мэндэлсэн нярайг эхээс нь тусдаа байрлуулдаг дэгтэй байлаа шүү дээ. Хүүхдийн болон эхийнх нь бугуйд ижилхэн дугаар зүүчихээд сувилагчид тусгай тасаг руу аваад явчихдаг байж билээ.
 
Журмын дагуу бол нярайг дөнгөж хөнгөрсөн эхэд нь харуулж, «төдөн жинтэй, тийм өндөртэй, хүү эсхүл охин» гэхчилэн эхбаригч мэдээлдэг ёстой юм.
Том хотын төрөх газруудад нэг дор дөрөв таваараа зэрэг төрдөг тохиолдол мундахгүй. Тийм үед эх үрсийн дугаарууд хоорондоо солигдох удаа ч гардаг л байв.
Миний өгүүлэх гэж буй бяцхан түүх яг л тийм тохиолдлоос үүдэлтэй юм…
Есенгелди, Шугыла эр эм хоёр (өгүүллэгт бүх дүрүүдийн нэр ус өөрчлөгдсөн болно) ууган охинынх нь нас гуч хүрлээ ч өдий болтол санаанд уяатай хэвээр явсан нууцгайдуухан тэр явдлыг хоорондоо битүүхэн ярилцаж учрыг нь тайлж ядсан билээ.
Нөхөр нь: «Одоо л нэг төрсөн охиноо хайж үзвэл яасан юм бэ?»
Эхнэр нь: «Олдох болов уу даа? Олдлоо ч таних юм гэж үү? Олдсон тохиолдолд энэ охиндоо юугаа хэлэх вэ?!» гэнэ.
Нөхөр нь энэ талаар мөчидхөн бодолтой байсан бололтой:
«Түүнд юу ч ярих хэрэггүй л дээ. Өөрсдийнхөө мах цусны тасархай охиноо олбол болоо биш үү!» гэх нь тэр.
Эхнэр нь: «Ай даа, бид тэр охиныг олоход өсгөсөн эцэг эх нь мэдэлгүй өнгөрнө гэж үү? Тэд ч бас адилхан хүн юм чинь солигдсон охиноо хайж л таараа шүү дээ».
Гэрийн эзэн бодолхийлснээ: «Нээрээ нь, тийм шүү… Харин л дээ…» гэхээс цааш хэлэх үггүй мухардав.
Эхнэр нь цаашид өрнөх магадлалтай үйл явдлыг төсөөлөн ийн өгүүлэв: «Хэрэв манай охины жинхэнэ эцэг, эх нь үрээ үзнэ гэж хүрээд ирвэл яана!? Чиний удам угсаа халх юм шүү гэвэл, өсгөсөн эмээдээ туйлын хайртай хөөрхий амьтныг амьдаар нь хатаана даа!..»
Нөхөр нь: «Чухмаа чухам! Хэцүү л юм болох нь ээ!.. Гэхдээ мах цусны тасархай охиноо нэг ч удаа эрэлгүй, ганц болов харалгүй, түүнд өөрийнхөн удам угсааг нь хэлэлгүй энэ хорвоогоос халих юм бол миний хувьд сэтгэлдээ мөс тээсэнтэй адил болох нь лавтай мэт санагдана…»
Өөрийнхөө үндэс угсаагаа ямагт дээдэлдэг гэрийн эзний үг эхнэр нөхрийн хоорондох «нууцхан шивнээ» ярианы саналыг дийлж орхив. Эцэст нь ийн шийдэв: Юу ч болсон, монголжсон охиноо хайж олъе. Олдсон тохиолдолд магнайг нь үнэрлэж, чи минь бидний уг угсааны гаралтай охин гэдгийг нь хэлье. Одоо тэр маань гуч гарчихсан, гэр бүл, үр хүүхэдтэй болсон байж таарна. За тэгээд, энэ хасагжсан охиныхоо зургийг түүний төрсөн эцэг, эхэд нь үзүүлье. Үүгээр бүхнийг цэглэнэ байх…» гэж тогтов.
Хоёул алсын аян замд бэлтгэл базаав. Алмата хотод суудаг өрх тусгаарласан охид, хөвгүүдээ, бас төрөл төрөгсдөө гэртээ урьж зочлуулав.
«Олон жил хөл тавиагүй залуу насаа элээсэн Улаанбаатарт айлчилж ирэхээр шийдлээ. Тэнд залуу зандан насны найз нөхөд, нүүлгүй үлдсэн садан төрлүүд ч бий. Тэдэнтэй зочлон очиж, нүүр учирч, мэнд ус мэдэлцэх санаатай…» Цугларсан олон «зөв, зөв!» гэлцэв. Гэвч хоёулаа чин зорилгоо илчилсэнгүй.
Есенгелди идээ будаа дүүрэн ширээнд суугаа ах дүүс, найз нөхдөө гартаа барьсан «S0NI» камерагаараа сайтар бичлэг хийж байлаа.
Хааяа нэг «За алив, нутгийнхандаа мэнд дамжуулаарай!» гэчихнэ. Тэд ч ээлж дараалан санагалзсан ах дүүстээ мэндчилгээ дамжуулж байв.
Тэрбээр зочдыг дайлж, эхдээ тусалж яваа ууган охиндоо дурангаа чиглүүлэх нь олонтаа. «Айгерим, охин минь! Алив ээ, Улаанбаатарт байгаа ах дүүстэйгээ нэг мэндлээд орхи!» гэхэд даруу төлөв охин нь үзэсгэлэн төгс инээмсэглэж:
«Ааваа, би чинь тэнд амьдардаг төрөлүүдээ огт таньдаггүй л дээ… Гэвч тэнд байгаа бүхэнд Алматаас мэндчилье! Амар түвшин болтугай! Аав ээж хоёрыг маань тавтай тухтай зочлуулаарай!» гэнэ.
Дэлгэц дээр охиных нь онигордуу мөртлөө тас хар хөөрхөн нүд, дулаахан зүс царай нь ойроос тод харагдаж, дуу хоолой нь ч сайтар сонсогдож байв. Есенгелдийн хүсэн хүлээсэн ч энэ байлаа.
Есенгелди, Шугыла хоёр Улаанбаатарт хориод жилийн дараа ирэхдээ нийслэл танигдашгүй өөрчлөгдсөнд гайхан шагшрав. Социализмын үед хамгийн өндөрт тооцогдсон «Баянгол» зочид буудлаас хэд дахин сүрлэг шилэн барилгууд олширчээ. Сүхбаатарын талбайд байрласан дээрхэн үеийн Засгийн газрын саарал байшин эдүгээ тэс өөр болжээ.
Төв хаалгыг нь томруулж, Чингис хаан заларсан аварга баримал болон баруун, зүүн талд нь «Есөн тулгуур» хэмээн алдаршсан есөн өрлөгийн сүр бараатай морьтой дүрс анхаарал татна.
Улаанбаатарын дорноос өрнө рүү мяралзан урсах Туул голын урьд нь бургас, хусаар хучигдан байсан эзгүй эрэг орчмыг одоо элит гэгдэх өндөр барилгуудтай шинэ дүүрэг хэдийн эзлэн авчээ.
Түүнээс цаашхи хот руу аясын салхи үлээдэг өтгөн шугуйтай Богд уул, түүнээс ангид орших Зайсан толгой ч тэс өөр болжээ. Уг толгойн хормойд «Дарь эх» хэмээх маш өндөр хөшөө сүндэрлэжээ…
Шугыла хорь хүрээгүй орь залуудаа ууган охиноо төрүүлсэн хотын төв амаржих газарт ойртохуйд нүдэнд нь дулаахан харагдав. Тэр ч бас өөрчлөгдөж, урьдахаасаа томорчээ. Тэндхийн архивын хэлтэст ирж, өөртэй нь хамт амаржсан Цэцэгмаагийн хаягийг тодруулах гэж оролдов. Гэвч гучин жилийн өмнөх бичиг, баримтууд устгалд өртсөн аж. Арга мухардсан Есенгелди, Шугыла хоёр гучин жилийн тэртээх явдлыг дахин санан дурсав.
Шугыла амаржсныхаа дараа нэг долоо хоног өнгөрч, ууган үрээ тэврэн орон гэртээ эсэн мэнд ирж билээ. Залуу аав болсондоо Есенгелдийн баярласныг хэлэх юун. Нүднээс нь оч үсэрч, шүд нь гялтганаж инээлдэн байж ядна.
Гэвч нярай хүүхдийн нүүрийг сөхөж харсан дороо: «Энэ чинь миний хүүхэд биш ээ!» гэдэг байна шүү. Үүнд нь Шугыла анхандаа гайхан алмайрч, нөхрийнхөө үгийг буруу ойлгочихоод асгартал уйлж билээ. «Намайг онгоноор минь авчихаад ийм юм ярихаасаа зовоход яана!» гэхэд залуу эр дуугаа хураав.
Хэд хоногийн дараа гэрийн утас тачигнатал дуугарав. Шугыла өөртэй нь хамт амаржих газрын нэг палатад байсан Цэцэгмааг дуугаар нь тэр даруй танив.
Тэр ч бас өөртөө тохиолдсон сониноо хуваалцаж: «Шугыла, миний нөхөр яасан гээч. Охиныг маань үзэнгүүтээ энэ шав шар охин одоо хаанаас гараад ирэв ээ, гэдэг байна шүү. Би маш их гомдсон. Ямар өөр хүнээс хүүхэд олсон биш дээ, гэсэн чинь дуугаа хураасан даа» гэж хуучлав.
Шугыла ч бас өөртэй яг тийм явдал болсныг дамжуулав. «Чи бид хоёрын хүүхэд арай солигдсон юм биш байгаа даа!?» гэж эргэлзэж байгаагаа ч хэлэлцэв. Гэлээ ч залуу эхчүүд үүнийгээ тоглоом наадам болгоод л өнгөрөөсөн удаатай.
Анх удаа үртэй болсон Шугылагийн хөх нь эмзэглэн өвдсөн тул нярай охиноо хөхүүлж эс чадан зовних боллоо. Зааж зааварлах хадам эх болон бэргэн эгч нар нь хол болохоор яггүй мэгдэн сандарлаа. Баян-Өлгийд суудаг өөрийнөө ээж нь үүнийг мэдэнгүүтээ:
«Эвий, охин минь дээ, наад өөдсөн чинээ юмаа чи өлбөрүүлж тамирдуулах вий дээ! Нялх амьтныг Өлгийн онгоцоор таньдаг хүнээр дайгаад хурдхан явуулчих. Гуравхан цагт яав л гэж дээ, бид тосоод авчихна» гэв. Үүнийг тэд хэлсэн ёсоор болгов.
Сарын дараа Цэгэгмаа дахин утасдав: «Шугыла, миний охины зүс царай үнэхээр чамтай яг адилхан юм аа» гээд инээд алдав. «Амаржих газар очоод учир начрыг тодруулбал яасан юм бэ?» гэв. Шугыла зөвшөөрч охиноо Баян-Өлгийгөөс авч ирсэн хойно утасдахаар амлав.
Есенгелди, Шугыла хоёр ээждээ эл учраа хэлж, захидал бичиж охиноо дахин илгээхийг хүстэл долоо хоногийн дараа ийм хариу ирэв:
«Та нар юугаа донгосоод байгаа юм бэ! Одоо энэ охин чинь миний үр болоо биш үү! Би ч, нярай ч бие биедээ бүр дасчихсан. Одоо битгий тархи гашилгаарай!» гэжээ. Гүйцээ. Керей омогын омголон зантай эмгэний үг бол тэдний хувьд зарлиг л гэсэн үг…
Уг учрыг дамжуулан хэлснээс хойш Цэцэгмаа дахиж нэхэл дагал болсон ч үгүй. Тэр бас хөхүүлсэн үрдээ бүрмөсөн дасаж орхисон байж таарна…
Он цаг урссаар жил зургаан сар өнгөрөхөд Есенгелди, Шугыла хоёр хүүтэй болов. Амьдралын аар саар явдлууд өнгөрснийг умартуулан залуу нас дүүрэн баяр хөөртэй өнгөрөн одож байлаа.
Нэгэнтээ зуны амралтаараа хоёул Баян-Өлгий дэхь төрж өссөн Баянннуур сумд очиж билээ. Тэд Айкерим хэмээх ууган үрээ таньж ядав. Тэрхүү хөөрхөн бяцхан охин «Мен апам баласымын!» (Би эмээгийн хүүхэд шүү!) гэж зар тавин гүйж явав.
Он цаг урагшилсаар… Ерээд он гарав. Монгол оронд далан жил ноёрхсон «Социализмын» зэвэрсэн гинж нь «Ардчилал» гэгч шинэ эринийг нээсэн цогтой залуучуудын гараар хайчлагдан орхив.
Анхны ардчилсан сонгуулийн дараахан «Хүний эрх чөлөө, чөлөөтэй цагаачлал» гэгч хууль үйлчиллээ. Далан жилийн турш социализмын казармаад хавчигдсан иргэд дэлхий даяар гарах боломж бүрдэв.
Үүний анхны алхам казах угсаатай монголын иргэд зах зээлд шилжиж буй анхны жилүүдэд хэл, ёс нэгтэй Казахстан руу очиж хөдөлмөр эрхлэх санаачилга гарган анхны нүүдлээ эхлэв. Улаанбаатарт амьдран суурьшдаг Есенгелди, Шугыла нар ч найз нөхөдтэй хамт Казахстаны Талдыкорган мужид нүүв.
Баян-Өлгийд эмээгийнхээ гэрт өсч арван зургаан нас хүрсэн Айкерим охиноо бас хамт аваад явлаа. Учир нь эмэг эх нь жилийн өмнө нас эцэслэсэн билээ. Казахстанд ирснийхээ дараа сурлагаараа тэргүүлсэн охин нь дээд боловсрол эзэмшив. Төрөлх хэлээрээ эмээгийнхээ үгийн баялагаар ярьж хөөрнө. Хөдөө өсч бойжсон болохоороо зан заншлаа ч сүрхий мэднэ. Ааш аалиараа ч ялдам.
Мэрэгжилтэй болж, нас гүйцээд өөрийн үе тэнгийн нөхөрт гарч хүүхэд шуухадтай ч болов. Гэвч яваандаа ийм сэтгэлд сэв суулгахаар явдал тохиолдохыг тэрбээр хэрхэн тааж мэдэх билээ дээ…
Шугыла, Цэцэгмаагийн хаягийг тод санаж байлаа. Гэлээ ч тэр үеийн хотын орон байрууд хэдийнээ үгүй болж, шинэхэн барилгууд сүндэрлэжээ. Өдөржин өөрсдийн үе тэнгийн хүмүүсээс Цэцэгмаа болон нөхрийнх нь нэр усыг хэлж сурагласаар явав.
Цөм л, «Үгүй, мэдэхгүй» гэлцэнэ. Ийм товч хариулт маань хоёрын итгэлийг алдуулж эхлэв. Орой болж, суурьшаж байгаа айлдаа харих гэж явтал тааралдсан нэгэн цайлган зантай настай хүн: «Өө, тэдний хувийн дэлгүүр тэнд байдаг шүү дээ!» гээд, хаягаа зааж өгтөл эр эм хоёр магнай хагартлаа баярлав.
Шугыла зүрх алдан дэлгүүрийн босго алхлаа. Тавь гарсан ч ануухнаараа буй эмэгтэйг гучин жилийн өмнөх тэрхүү Цэцэгмаа болохыг андахгүй танив. Бие биеэ даруй таньсан хоёр бүсгүй тэврэлдэн золгов. Мэнд ус авалцсаны дараахан,
«Нөгөө ууган охин чинь сайн уу?» гэж Шугыла асуухад:
«Сайнаар барах уу, хоёр хүүхэдтэй, зүс царай нь яг л чамайг өвчсөн мэт адилхан шүү!» гэснээ: «Чиний охин ч сайн уу?» гэв.
«Сайн, сайн. Тэр ч бас хоёр хүүхэдтэй, түүний зүс царай амаржих газарт байсан чамайг үргэлж санагдуулдаг юм» гэв.
Тэгснээ шууд л видеокамераа нээж, Айкеримийн мэнд хүргэсэн дүрсийг үзүүлэв. Харь хэлээр ямар нэгэн юм ярьж байгаа өөрийнхөө залуу насны дүр зургийг харсан Цэцэгмаа баярлан инээх мөртлөө нүдэнд нь нулимс ч асгарч байлаа…
Шугыла ирсэн хэрэг зорилгоо ний нуугүй хэлэв. Төрсөн охиноо нэг удаа ч болов харж, духыг нь үнэрлэвэл болоо гэж учирлав.
Цэцэгмаа гүн бодолд оров. «Яаж хэлдэг билээ?! Түүний санаанд ч ороогүй зүйл шүү дээ. Юу ч болсон орой гэрт нь очиж уулзаад та нарт хариу өгье» гэв.
Шугылагийн хувьд тэр орой дуугарах утасны чимээ бүтэн жил хүлээсэнээс ч удаан цаг хугацаа бүр зогссонтой адил болов. Унтах цаг дөхсөн үед бүр орой Цэцэгмаа утастаж, охиныхоо итгэж ядсан сонин байдлыг хамгийн түрүүнд хэлэв. Сонин түүхийг сонссон охин нь ээжээ чи чинь наддаа бүр киносериал ярьж тоглоом хийж байгаа биш биз, гэснийг нь дамжуулав. Итгүүлж ядсаны эцэст, охин минь чи ямар ч гэсэн тэрхүү гадаад орноос ирсэн миний хуучин танилуудтай очиж уулз даа, гэж тохирсоныг хэлэв. Охин нь бас тэдэнтэй ангилаар ярих юм уу, гэж шалгаасаныг, тэд монголоор сайн ярьдаг хүмүүс гэхээр нь бас сониучилсныг ч хэлэв. Эцэст тэдний байрлаж буй хаягаа өгснөө, Нараа маргааш ажлын дараа өөрөө очиж уулзахаар амласныг дуулгав.
Үүнийг дуулсан эр эм хоёрын бүр нойр хулжив. Маргааш нь хоносон айлынхаа диван дээр өдөржин амьд хөшөө адил хөдөлгөөнгүй сууж, хаалга ширтэн тэвшээр алдан хүлээв. Бие биеээ шинжэн ширтэж уйдсан, нойргүй сонхийсон царайтай тэдний нүүр лүү оройн нар цонхоор тусах тэр мөчид хаалга дуугарав.
Хүсэн хүлээсэн цаг ирж хаалганы хонх дан дан хийхэд хоёул бие биеэ мөргөх шахам гүйлдэн очиж үүд рүү тэмүүлэв. Булаацалдан очиж хаалга тайлтал нэлээд гайхширсан янзтай үс зүс сайтай, хот маягийн залуу хүүхэн орж ирэв.
Гэвч гучин жилийн турш санан дурссан сэтгэлийн галын эрч гэнэт буурах шиг болов. Тэдэн рүү огт танихгүй харцаар бишүүрхэн ширтсэн төрсөн охиноо тас тэврэн уйлаан майлаан болох байх гэсэн урьд бодож явсан санаа тэр мөчид өөрийн эрхгүй алдрав.
Хоёул ээлж дараалан «Сайн уу, охин минь!» гэж духан дээрээс нь үнсэж, төлөвхөн мэндчлэхээс цааш юм болоогүй.
Орж ирсэн цэл залуухан эмэгтэй ч бас харь хүмүүстэй хүйтэвтэр хариу мэндэлж зөөлөн сандал дээр суув.
Нараа өөрийнхөө аав, ээжтэй нь үеийн харь хүмүүсийн монголоор зэгсэн ярьж эхэлсэнд урамшсан бололтой халх заншлаар илэн далангүй харьцаж эхлэв. Өчигдөрхөн ээжээсээ сонссон «киносериал» маягийн учир явдлыг тэднээс шууд асуув.
Есенгелди, Шугыла нарын яриа ээжийнх нь хэлсэнтэй яг дүйж байсан ч гайхшралаасаа салаагүй л байлаа. «Шинэхэн эцэг эхийнхээ» яриаг дуустал сонссоныхоо дараа бүр бодлогширон сууснаа «Би өөрөө эх болсон цагтаа бурхны зарлигаар бас нэг шинэ аав, ээжтэй болж байвал гомдох юу байхав… гэвч ийм сонин байх гэж» хэмээн инээмсэглэв…
Тэд шинэхэн олдвор охиноо Алмата хотод зочлохыг урьж, гэртээ буцаж билээ.
Тэр хоёр маань гэртээ ирснийхээ дараа энэхүү болсон явдалыг Айкеримд дуулгах нь амаргүй болов. Хэлэхгүй байсан ч болох байв. Гэвч Цэцэгмаа «Би ч бас төрсөн охиноо үзмээр байна. Түүнд заавал хэлээрэй» гэсэн болохоор яалт ч үгүй болов…
Есенгелди, Шугыла хоёр аян замаас эсэн мэнд ирснээ тэмдэглэх нэрийдлээр төрөл төрөгсдөө цуглуулж бас л будаалга үйлдэв.
Яриан дунд гучин жилийн өмнө амаржих газарт солигдсон охиноо олсноо өгүүлэв. Цугларсан цөм мэл гайхаж, цэл хөхрөв. «Аль охин чинь юм бэ?» гэж нэгэн дуугаар асууцгаав. Бүгд бие биеэ харав. Тэдний «Тэр монгол охин чинь хэн нь юм бэ?» гэдэг асуулт харцанд нь илт байлаа.
Есенгелди ууган охин Айкеримд хандаж:
«Охин минь!» гэснээ хоолой нь чичирч: «Биднийгээ уучлаарай! Чи бол манай охин л доо! Гэхдээ…» гээд цааш дуугарч чадалгүй үгээ залгичихав.
Тэрхэн мөчид Айкеримийн нүд аймаар томорч, царайн цэл цайж байдгаараа орь дуу тавин уйлан хайлан ярьж:
«Ааваа та юу гээд байна аа! Би харийн хүн юм уу? Апа! Апа! Апа…а…а! (Эмээ! Эмээ минь ээ!) Чамаас хагацан өнчирсөн намайг эднүүс дээрэлхэж, одоо бүр монгол гэж гадуурхаж байна!» гэж уйлав. Тэнд суугаа Айкеримийн ах дүүс бүгд л мэгдэн уйлаан майлаан болов…
Гэвч хувь тавилан хэнийг ч атугай номхруулдаг жамтай хойно доо. Улаанбаатараас Алматад Нараа ирж, төрөл төрөгсөдтэйгээ танилцан дотносож орхив. Шинэ ах дүүс нь цөм монгол хэл мэдэх учир тэдэнтэй хэл амаа ололцох нь Нараад бүр амар байлаа.
Харин Айкеримийн хувьд хэдийгээр халх хүний мах цусны тастархай боловч сэтгэл зүрхээрээ бол хэдийнээ казах болчихсон байлаа. Түүнээс гадна баян-өлгийчүүдийн керей омогын заншлаар эмээгийн охин болж өссөн түүний хувьд тэрхүү онцгой хүндэтгэлээс амьддаа салж чадахгүй нь тодорхой билээ.
Гэсэн ч Улаанбаатараас төрсөн эх нь Цэцэгмаа Алмата хотноо ирэхэд Айкерим ялимгүй зөөлрөх мэт болсон талтай. Эх хүнийг хүндэлдэг зангаараа ялдам аашилж, духан дээрээсээ дуртаяа үнсүүлэв. Гэвч Цэцэгмаа ядахнаа орос хэл ч мэдэхгүй учраас төрсөн охинтойгоо түүний ах дүү нарыг хэлмэрч болгон монголоос казах хэл дамжуулан хэл нэвтрэхээс, хуучлахаас өөр арга байсангүй нь даанч харамсалтай билээ…
АБАЙ МАУХАРА,
Зохиолч, сэтгүүлч
Зохиолчийн тухай товчхон: Баян-Өлгий аймгийн Булган сумд төрж өссөн, 1980-онд Улсын Анагаах Ухааны дээд сургуулийг төгсөн Сэлэнгэ аймгийн Орхонтуулд, Баян-Өлгий аймгийн Алтай, Булган сумд их эмчиийн ажил хийж байгаад 1991-онд Казахстан улсад хөдөлмөрийн гэрээгээр нүүж, өдгөө Алматад хотод амьдардаг.
Казахстаны Зохиолчдын Эвлэлийн болон Монголын Казах зохиолчдын Холбооны гишүүн. 1984-онд Д.Мягмарын «Үер» туужийг орчуулж Өлгийд хэвлүүлсэн мөн О.Дашбалбарын «Уулс минь», Баабарын «Бүү март!» зэрэг зохиолыг орчуулсан. Монголын Ардчилсан Хувьсгалын ахмад зүтгэлтэн.
Л.Лувсанданзангийн «Алтан товчыг» орчуулж 1998-онд болон 2009-онд Алмата хотод хэвлүүлсэн. 2004-онд «Сувашид» зохиолыг Астана хотод хэвлүүлж гаргасан, 2010-онд Ц.Доржготовын «Улаан орхимжны давалгаа» романыг, 2018-онд Зян Руны «Чонон сүлд» зэрэг романыг казах хэлнээ орчуулж тухайн улсын хэд-хэдэн уран зохиолын сэтгүүлээр уншигч олонд хүртээжээ.
2013-онд Түрк гаралтай эрдэмтэн Саид Нурсийн Гэгээн Кураны тайлбар болох «Гүн утгатай үгс» хэмээх томоохон зохиолыг орчуулж Улаанбаатар хотноо хэвлүүлэн Ислам шашиныг сонирхдог олны хүртээл болгожээ.

Таны сурталчилгаа