ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын хүрээнд тус хорих ангид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн иргэдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр, үр нөлөө, цаашлаад албадан сургалтаар хохирогч болон бусад гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад үр дүнтэй нөлөөлж байгаа эсэх, сургалт явуулж буй албан хаагчдын мэргэшсэн байдал, сургалтын орчин нөхцөл, өрөө танхим, хэрэглэхүүн зэрэг нь дүрэм, журам нийцэж буй эсэхтэй танилцлаа.
Мөн тус төвд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн иргэдтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үйл ажиллагааг шалгалаа.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоригдсон иргэдийг зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулахад хүндрэл бэрхшээл гардаг эсэхийг тодрууллаа. Хорих ангийн удирдлагын зүгээс сургалтын төсөв байхгүйгээс төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг. Уг асуудлыг ХЭҮК-оос холбогдох албаныханд уламжилж, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Хяналт шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллах болно.
Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Д.Намжилсүрэн, Э.Одбаяр, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллага Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн ажилтан Д.Санчир нар ажиллалаа.