УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.11.22/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувийн саналаар хоригийг хүлээн авах санал дэмжигдлээ.
Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан төсвийг хэлэлцэхдээ УИХ-аас парламентад суудалтай намуудын төлөөлөл болон гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан ажиллуулна гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.
Төсвийн хоригийн талаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Б.Энхбаяр, П.Сайнзориг, С.Эрдэнэбат, М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, О.Номинчимэг, Г.Тэмүүлэн, С.Амарсайхан, У.Отгонбаяр нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн асуултын дийлэнх нь 2025 оны төсөвт тавьсан хоригийн хэлэлцүүлгийг явуулах дэг, аймаг, нийслэл, сум, дүүргийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх хугацаа, ямар зардлыг танах эсэхэд чиглэгдэж байв.
Парламентын түүхэнд, Ерөнхийлөгчийн зүгээс Төсвийн хуульд есөн удаа хориг тавьж байснаас зургаад нь бүхэлд нь, гуравт нь хэсэгчлэн хориг тавьж байжээ.