Цаг үеийн мэдээ

БЛИЦ АСУУЛТ

            Тэрээр охид бүсгүйчүүдийн дунд эрэлт хүлээлт үүсгэж чаддаг "Нандин" брэндийн үүсгэн байгуулагч.  Тэрээр сар тутамд өмнө нь давтагдаж байгаагүй цоо шинэ загвар зохион бүтээдэг мэдрэмжтэй бүсгүй. Шинэ загваруудын маркетингаа шинэлэг байдлаар хийж, гайхалтай зураг авалтуудыг хийж чаддаг бүтээлч бүсгүй.  Түүний загварууд тэр дороо борлуулагдаж дуусаад, худалдан авагчид нь дараагийн загварыг нь дуулгавартай хүлээдэг тэрээр чадварлаг Бизнес эрхлэгч.  

ЗОЧИН : Б.Хишигмаа

БАЙГУУЛЛАГЫН НЭР : "Nandin"  

АЛБАН ТУШААЛ : Захирал

БРЭНДИЙН НЭРНИЙ ТАЙЛАЛ : Бүтээгдэхүүн маань тухайн хүндээ маш нандин, хэзээд гаргаад өмсөхөд гоё хэвээр, анхны сэтгэгдлээ төрүүлсээр байвал бидний туйлын зорилго тэр юм. Брэндээ үүсгэн байгуулаад Англиар нэр өгнө гэж бодож явсан юм. Тэгээд Pure  хэмээх үгийг ямар утгаар буулгах вэ гэж бодож байгаад шууд л "Нандин" хэмээх үг толгойд буусан даа.

Төрсөн орд – Онцлог шинж?

  • Хонины ордонд төрсөн. Миний хувьд төрсөн ордны шинж чанарт их итгэдэг. Учир нь би ганцаар ажиллах, шинэ санаа гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхдээ  маш сайн зэрэг давуу талууд нь яг нийцдэг. Гэвч нөгөө талаар зөрүүд, өөрийнхөөрөө зэрэг сул тал нь ч бас адилхан байдаг.

Эзэмшсэн мэргэжил?

  • Сэтгүүлч.

Бизнесийн төрөл?

  • 2016 онд Эмэгтэйчүүдийн өдөр тутмын хувцасны марк “NANDIN”-г үүсгэн байгуулсан.

Өдрийн дадал?

  • Тухайн өдрийн хамгийн чухал гэж бодсон ажлаа заавал хийж дуусгаад ард нь гардаг. Төлөвлөсөн ажлаа яаж ийгээд хийж дуусгасан л бол үлдсэн цагт нь заавал үр бүтээлтэй байх гэж хичээдэггүй.

Ажлын төлөвлөгөө хэрхэн гаргадаг вэ?

  • Миний хувьд найзууд шигээ бүх зүйлээ нарийн төлөвлөдөг хүн болохыг хүсдэг ч тийм хүн үнэхээр биш гэдгээ ойлгосон. Тиймээс өөрийнхөөрөө ажиллах нь төвөггүй стресс бага байдаг. Шинэ санаа орж ирэх бүрт түүнийгээ тэмдэглэж аваад тэр дор нь хамтрах хүмүүстэйгээ холбогдож ярилцаад ажил хэрэг болгоод явдаг. Дараа гэж хойшлуулсан болгон илүү төвөг уддагийг мэддэг болсон болохоор гарсан санаа бүрээ хэрэгжүүлэх гэж хичээнэ. Жишээ нь шинэ каталогоо 10 сарын 10-нд гаргана гэдэг эхний санаа орж ирсэн бол яг л түүндээ багтааж хийхийн тулд бусад төлөвлөгөөгөө гаргаад явчихдаг.

Шинэ ажил эхлэхдээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

  • Хийе гэж зорьсон зүйл, шинэ ажлууд маань эхлээд бага зэргийн айдас төрүүлдэг нь нууц биш. Гэхдээ төлөвлөсөн ажлынхаа ард нь гарчихсан, гайхамшигтай үр дүнг нь үзээд байж байгаагаар өөрийгөө төсөөлөхөд аяндаа хүч ордог.

Ажлын талбарт хамгийн их хэрэглэдэг зүйлс?

  • Гар утас.

Өөрөөрөө бахархсан ажил, бүтээн байгуулалт?

  • Сайхан ханьтай болж ээж болсон минь.

Ашигладаг апп?

  •  “NANDIN” дээрээ хамгийн их ашигладаг аппууд маань Notes, Vsco, Canva.

Брэнд танилцуулга?

  • Эмэгтэйчүүд бид өмсөхийг хүссэн хувцасаа өөрсдийн санаандаа дүрсэлчихсэн байдаг ч худалдан авалт хийх гэхээр олддоггүй нь олон. Бид тэгж хайж явах шаардлагагүйгээр бүх зүйлээ авах боломжийг бүрдүүлэх нь бидний зорилго байсан, одоо ч хэвээр байна. Тиймээс жил ирэх бүр туршлагатай болохын хэрээр хийх хувцасныхаа төрөл, зүйлийг нэмэгдүүлдэг.

Төлөвлөсөн ажлууд таниас шалтгаалж амжилттай болон амжилтгүй болдог шалтгаанаас нэрлээч?

  • Ер нь өөртөө хатуу хандах дургүй. Хэрвээ төлөвлөсөн ажил амжилтгүй болсон бол сэтгэлээр тэгтлээ унадаггүй, "энэ бүхэн надад сургамж хичээл боллоо" гэж хүлээж авдаг.

Харин санасан ажил сайхан бүтэмжтэй амжилттай болсон бол “илүү сайныг хийгээрэй” хэмээх ертөнцийн дохио гэж хүлээж аваад л цааш эрч хүчтэй  явдаг даа.

Аз жаргалтай мөч хэмээх дүгнэлтэд юуг хамруулж ойлгодог вэ?

  •  Тааваараа байх боломж. Өглөө сэрээд хайртай хүмүүстэйгээ хүссэн зүйлсээ хийх чөлөөтэй байх нь миний хувьд аз жаргал юм. Мөн өмсмөөр байгаа яг хэрэгтэй гэж бодсон зүйлсээ хийдэг нь миний аз жаргал. Гурван жилийн өмнө хийж байсан анхны загвараас авахуулаад энэ сард 10 сар- Bear coat гарсан шинэ загварууд хүртэл надад бүгд байдаг. Энэ бүгд намайг аз жаргалтай болгодог.

Таны дуртай болон дургүй дүрэм?

  •  Ер нь аливаад эерэг хандлагатай амьдрах зүгээр санагддаг. Хүн бүр 100 хувь  өөртөө таалагдах амьдралынхаа дүрмийг өөрөө зохиох боломжтой гэдэгт итгэж явдаг. Харин бүх зүйлийг“боломжгүй” гэж ярьдаг, боддог, түүнийг хүлээн зөвшөөрдөг  үзэлд дургүй.

Ойрын зорилго, холын мөрөөдөл?

  •   Бид анхнаасаа тухайн сард ямар хувцас хэрэгтэй байна яг тэр загваруудыг л цөөн тоогоор гаргадаг. Дууссаны дараа эрэлт нь хэчнээн их байсан ч ахин гаргадаггүй. Нэг зүйлээ ахин давтан хийхийн оронд шинэ зүйл туршиж, илүү сайн загваруудтай болох нь туйлын зорилго юм.

Төсөөллөөр арван жилийн дараах та?

  • – Бид дөрвөн настай охинтой. Харин тэртээх арван жилийн дараа гурван хүүхдийн ээж болчихсон, гэр бүлээрээ бүр олон газраар аялсан байхыг мөрөөдөж байна. Миний болон гэр бүлийн маань хувьд аялах маш их дуртай. Бид одоогийн байдлаар Малайз, Сингапур, Япон, Хятад, Тайланд, Тайван зэрэг орноор аялж гэр бүлийнхээ дурсамжийг бүтээсэн байна.. Миний болон гэр бүлийн маань хувьд аялах маш их дуртай. Бид одоогийн байдлаар Малайз, Сингапур, Япон, Хятад, Тайланд, Тайван зэрэг орноор аялж гэр бүлийнхээ дурсамжийг бүтээсэн байна.

Хүч тэнхээгүй болсон үедээ өөртөө юу гэж хэлдэг вэ?

  •  Ядарсан, хүч тэнхээгүй болсон үедээ би гэртээ зүгээр л бүгдэг. “Bee Gees”-ийн дуу тавьчихаад, гэрээ зад цэвэрлэж, хэрэггүй болсон зүйлсээ ангилж ялгадаг.Мөн сайхан хоол хийж, нөхөртэйгөө кино үзэж, охинтойгоо тоглоход л хэсэг зуур шаналгасан зүйлс үнэндээ юу ч биш байсан нь харагддаг даа.

Гэр бүлээ танилцуулаач?

  • Ам бүл гурвуулаа. Нөхрийг маань Б.Тэлмэн гэдэг. Бид ахлах сургуулийн сурагчид байхдаа биенээ мэддэг болсон ч их сургуулийн төгсөх курст байхдаа ажлаар холбогдоод түүнээс хойш хэдхэн сарын дотор л амьдралаа холбочихсон. Охиныхоо ирээдүйг маш сайхнаар төсөөлдөг. Охин маань өөрийнхөө хүссэн зүйлээ л хийж амьдраасай гэж хүсдэг. Харин хүсэх зүйлс нь зөв байлгахын тулд аав ээж хоёр нь одооноос бүх зүйлсийг зааж өгч байна даа.

БРЭНДИЙН ХЭРЭГЛЭГЧИД ТҮҮНИЙ ТУХАЙ

  • Аливаа ажлын бүтээмж, үнэлгээ хэрэглэгчийн сэтгэл ханамж дээр тулгуурлаж байдаг. 

Тэгвэл Нандин брэндийн хэрэглэгчдийн түүнд тавьсан үнэлгээг сонирхоцгооё.

Баярлалаа танд амжилт хүсье!

 

Таны сурталчилгаа