Цаг үеийн мэдээ

"Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр"

Энэхүү өдрийг 1981 оны аравдугаар сарын 16-наас эхлэн дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш өдгөө 33 жилийн нүүрийг үзэж байна. Жил бүр энэхүү өдрийг өлсгөлөн, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хомсдлыг бууруулах, хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн онцлох сэдвийн хүрээнд тухайн сэдэвт төр, олон нийт, хамтын нөхөрлөлийн анхаарлыг хандуулах зорилго агуулан тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл голчлон өрхийн аж ахуйдад түшиглэн явагддаг. Дэлхий дахинд одоогоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 570 сая аж ахуй байгаагийн 500 сая нь өрхийн аж ахуйн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд хойд болон төв Америк тивийн хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 83 хувийг, Европ тивийн 68 хувийг, Ази тивийн 85 хувийг, Африк тивийн 62 хувийг, Өмнөд Америкийн 18 хувийг тус тус эзлэх талбайд үйлдвэрлэл эрхэлж, дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээний 80 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

Өрхийн аж ахуй эрхлэгчид нь уламжлалт хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийг хэвээр хадгалах, зөв хоололтонд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ байгалийн нөөцийг зохистой ашиглаж, хөдөө аж ахуйн биологийн олон янз байдлыг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэдэг

Хүн амын хүнсний нийт хэрэглээний 50 хувийг импортоор оруулж ирдэг улс орныг хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үздэг юм байна. Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 40-50, жимс жимсгэнийн 90 орчим хувийг урд хөршөөс импортолж байгаа нь хүнс, тэжээлийн хувьд Хятадын хараат буюу эрсдэлтэйн цаадах эрсдэлтэй болсныг харуулж байгаа том үзүүлэлт юм.

Манай улс сүүлийн жилүүдэд хорт хавдраар дэлхийд дээгүүр явж, хүн амын дунд зүрх судасны болон хоол боловсруулах эрхтэн систем, хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас баралтын голлох шалтгаан нь идэж ууж буй ус хүнс, амьсгалж байгаа агаартай шууд холбоотой.

Нөгөөтэйгүүр нь өдөр тутам хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон зүй зохисгүй, эрүүл бус хооллолттой холбоотой болохыг судлаачид тогтоосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь нотолсон байдаг.

Одоо бүр уух уснаасаа хорддог болов. Тухайлбал, гүний худгийн уснаас өвчин үүсгэгч нян илэрсэн гэхээр хөрсний бохирдол ямар хэмжээндээ хүрснийг илтгэж байгаа шинж. Өвлийн улиралд агаарын бохирдолд, хаврын улиралд тоос тоосонцорын бохирдолд даруулж амьсгалж ч чадахгүй өвчний үүр болж байгаа энэ үед идэж, ууж байгаа хоол хүнснээсээ ч хордож байна. Эрүүл явах баталгаа алга. 

Манай улсын хувьд хүнсний хангамж муугүй үзүүлэлттэй боловч экспорт, импортын зохистой харьцаа алдагдаж, импортоос хараат орны тоонд багтдаг.

Гуравхан сая хүн амтай, түүнээс 30 гаруй дахин олон толгой малтай, нэг сая гаруй га тариалангийн эргэлтийн талбайтай орны хувьд хүнсний хэрэглээнийхээ талаас илүү хувийг импортоор авч байгаа нь эрсдэлт нөхцөл яахын аргагүй мөн юм.

Ер нь өдөр тутамдаа хэрэглэж байгаа цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн, махны хувьд ч асуудал үүсээд удаж буй. Малын шүлхий, мялзан зэрэг устаж үгүй болсон гэх өвчнүүд  сүүлийн дөрвөн жилд дахин сэдэрч, ямар гээч өвчин хуучтай малын мах зооглож байгаагаа ч мэдэхэд бэрх болсон.

Мөн малынхаа тарга тэвээргийг нь бодож химийн гаралтай тариа шахаж байна. Цагаан идээг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа нэртэй хадгалалтын хугацааг уртасгах амархан гашилж, ээдүүлэхгүй байх зорилгоор элдэв химийн бодис хольж хутгадаг. Эргээд тэр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, эрсдэл дагуулж байна.

Урд хөршөөс генийн өөрчлөлтэй тахианы махыг их хэмжээгээр оруулж ирж, түргэн хоолны газрууд KFC, Пизза хат зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд шахаж байна. Энэ нь хор буюу хорт хавдар үүсгэх нэг шалтгаан ч болж байгаа юм. Ус ундаа нь химийн будаг оруулагч, чихрийн агууламж өндөртэй гэх мэтчилэн эрүүл хүн алга. Хүнсний ногоонууд нь ч хятад бордоогоор бордсон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Ингэж бодохоор  эрүүл, эко хүнс байхгүй гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Бидэнд эрүүл хүнс зооглох боломж ч үгүй болжээ. 
 
Хүнсний аюулгүй байдал хаана алдагдаж байна вэ
 
Иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө хоол хүнсээ сонгохдоо маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүнсний аюулгүй байдал нь иргэдийн худалдан авалт, зохистой хэрэглээтэй шууд холбоотой гэсэн үг юм.

Хүнсний аюулгүй байдал хаана алдагдаж байна гэхлээр нэгдүгээрт хэрэглэгч нар хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгож авч, зөв хадгалж чадахгүй байна.

Гэрийн нөхцөлд хадгалсан ч зөв температурт хадгалдаггүй. Хэрэглэгчийн хувьд хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг тааруу байна гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, борлуулах, түгээх шатандаа хүнсний аюулгүй байдал алдагддаг. Үүнд худалдааны газрууд тухайн хүнсний бүтээгдэхүүний шошгонд байгаа нөхцөлийн дагуу хадгалдаггүй.

Мөн худалдааны төвүүд урт удаан хугацаанд буруу аргаар хадгалдаг. Хадгалах хугацааг хүчээр уртасгадаг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулах улсын хэмжээнд ч ховор байдаг. Зориулалтын тээврийн хэрэгсэл бараг байдаггүй, ер нь бол хадгалах, тээвэрлэх гэдгийг улсын хэмжээнд нэгдсэн бодлого зохион байгуулалт зохицуулалттайгаар шийдэхгүй бол хүнсний аюулгүй байдал алдагдах, эрсдэл үүсэх магадлал тун их байна.  

 

Таны сурталчилгаа