Өөдөсхөн жаахан үр тань нэг л мэдэхэд том болж, цэцэрлэг, сургуулийн том сурагч болсон байдаг. Харин эцэг эхчүүд бид хүүхдүүдээ жаахан мэт санаж тэднээс асуух зарим асуултаа буруу тавьдаг байна. Цэцэрлэг сургуультай холбоотой сөрөг асуулт хүүхдээсээ асууснаар хүүхдийн сэтгэхүйг буруу болгодог тал ч бий. Тиймээс та бүхэн дараах байдлаар хүүхэдтэйгээ ярьж байгаарай.
- Багш нь зодсон уу?
Хүүхэд зодсон уу? гэх мэтчилэн сөрөг холбоог бий болгох асуултуудыг асуудаг. Эсвэл ерөнхий асуулт асууж ерөнхий хариултыг авдаг.
Үүний оронд доорх асуултуудаас асуугаарай:
- Өнөөдөр ямар тоглоомуудаар тоглосон бэ?
- Ямар тоглоом нь хамгийн гоё байсан бэ?
- Багш нь шинэ зүйл зааж өгсөн үү? Цэцэрлэгийн найзаасаа шинэ зүйл сурсан уу? Гэртээ очиж байгаад аав ээж хоёртоо харуулаарай.
- Өнөөдөр хэн нэгэнд миний охин тусалсан уу? Яаж тусалсан бэ?
- Өнөөдөр хэнд баярлалаа гэж хэлсэн бэ? Юунд баярлалаа гэж хэлсэн бэ?
- Хүүхдүүдтэй тоглосон уу?
- Хэзээ хамгийн их баярласан бэ? Юунд баярласан бэ?
- Хэзээ хамгийн их гунигласан бэ? Яагаад гунигласан? Юу хийсэн?
Энэ үед гунигийг даван туулах арга замуудыг хэлж өгөөрэй.
- Ямар хоол өнөөдөр идсэн бэ? Хоолонд нь юу юу байсан бэ? Ээж нь ямар хоол байсныг таах гээд үзье. Дараа нь хоёулаа хоолны цэсээ харж шалгая.
- Миний охин өнөөдөр өндөр болсон уу? Хоёулаа өндрөө үзье.
- Өнөөдөр сонирхолтой содон зүйл цэцэрлэг дээр нь болсон уу? Юу гайхшруулсан бэ?
Та бүхэн хүүхдээ ярьж чадахгүй эсвэл муу ярьдаг гэж бодолгүй асуугаад байгаарай. Хүүхэд тань өөрийнхөөрөө таньд ойлгуулах гэж хичээх болно.