"Атрын 60 жил" хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Газар тариалангийн салбарын хөгжил, шинэ жарны бодлого зорилт” илтгэл тавьсан юм.
Ардын хувьсгал ялсны дараа жил одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд Хараагийн аж ахуй хэмээх улсын анхны тариалангийн аж ахуйг, 1923 онд Ховд аймгийн Буянт голын хөндийд “Сангийн тариалан” нэртэй улсын аж ахуйг тус тус байгуулснаар шинэ цагийн газар тариалангийн хөгжлийн эхлэл тавигдсан байна. Улмаар 1924 онд “Монголчуудын тариалангийн дүрэм”-ийг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1929 онд Мал аж ахуй, газар тариалангийн яамыг байгуулан ажиллажээ. “.....Ард түмний хэрэгцээт гурилын 25 хувь буюу 10.0 - 12.0 мянган тонн гурилыг дотооддоо үйлдвэрлэх,......улаан буудай тариалах талбайг 25.0 мянган га-д хүргэх.....”зорилт тавьж тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд үр, техник, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан байна.
Эх орны дайны жилүүдэд манай улс хүнсний хэрэгцээгээ өөрийн үйлдвэрлэлээр хангахад ихээхэн анхаарснаар тариалах талбайн хэмжээг 80.0 мянган га-д хүргэж улмаар Мал аж ахуйн машинт станцуудад тариалан эрхлэхийг дэмжиж 1943 онд Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариалан, Архангайн Төвшрүүлэхэд улсын тариалангийн аж ахуйнуудыг шинээр байгуулсан байна. Газар тариалангийн хөгжилтэй уялдуулан Улаанбаатарт гурилын цахилгаан тээрэм, тариалан бүхий аймгуудад 13 усан болон морин тээрэм шинээр байгуулахад Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж, ЗХУ-аас техник, тоног төхөөрөмж нийлүүлснээр 1945 онд 1100 тонн гурил үйлдвэрлэжээ.
Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 2 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд үр тарианы үйлдвэрлэлийг 2.4 дахин нэмэгдүүлэх, 1 га-ийн ургацыг 10 центнерт хүргэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлжээ. Энэхүү төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр Жаргалант, Цагаантолгой, Зүүнбүрэн, Зүүнхараа, Ингэттолгойн сангийн аж ахуйнуудыг үр тарианы, Борнуур, Батсүмбэрийг төмс, хүнсний ногооны чиглэлээр дагнан хөгжүүлж, хэрэгцээт гурилынхаа 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Өмнөх зууны жараад оноос ардын аж ахуйтныг нэгдэлжүүлэх хөдөлгөөн орон даяр өрнөж, нийт мал сүргийн 80 шахам хувь, малчин өрхийн 70 гаруй хувь нь нэгдэл, сангийн аж ахуйд хамрагдах болсонтой уялдуулан мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхээр шийдвэрлэж 1959-1960 онд эзэмших атар газрын хэмжээг 300.0 мянган га-д хүргэх, гурилынхаа хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг дэвшүүлэн ажилласан байна.
Тэр үед Төр засгаас “... хөдөө аж ахуйн үйлдвэрлэх хүчийг түргэн хөгжүүлэхэд тус болох хувьсгалт том арга хэмжээ бол дотооддоо хэрэглэх гурилын хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр хангах, мөн мал аж ахуйг тэжээлийн баазтай болгох зорилгоор атар газар эзэмших явдал мөн. Тариаланг өргөн хөгжүүлэх нь ард олныг суурьшуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд орчин үеийн техникийг нэвтрүүлэхэд дөхөм болох юм....” гэж бодлогоо тодорхойлсон байна.
Манай орны эдийн засгийн үндэс болсон газар тариалангийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх нийтийн хүч, анхаарлыг төвлөрүүлэн зохион байгуулах зорилгоор ”Атрын анхдугаар аян”-ыг зарлаж, орон даяар бүх нийтийн үйл хэрэг болгон хэрэгжүүлсэн түүхтэй.
Атрын аяныг хэрэгжүүлэх зорилтыг залуучуудын байгууллага хариуцаж манлайлан оролцох санаачлаг гарган нам, эвлэлийн шилдэг гишүүдээ атарт илгээж байжээ. Атрын анхдагчдаас амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлсан олон сайчууд, аваргууд, гавшгайчид төрөн гарсан бөгөөд тэдний дундаас тракторч, комбайнч Ц.Цэрэн-Очир, Ц.Сандагдалай, Ч.Шаравдорж, О.Гүндсамбуу Ц.Буниа, Ж.Баасан, Д.Баттөр, Д.Баасандамба нарын Монгол Улсын хөдөлмөрийн баатрууд тодорч амжилт бүтээл, алдар цуу нь дуурсаж байсан юм. Атрын анхдугаар аяны явцад Дархан, Зэлтэр, Эг-үүр, Хэрлэнгийн сангийн аж ахуйнууд шинээр байгуулагджээ.
Атар газар эзэмших, газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэхэд ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламж, мэргэжилтэй боловсон хүчний оролцоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Атрын анхдугаар аяны хүрээнд ЗХУ-аас төрөл бүрийн трактор 4900 гаруй, үр тарианы комбайн, дизель цахилгаан станц 550 гаруй, мөн бусад хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин, үр цэвэрлэгээний төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр нийлүүлсэн байна.
Атрын анхдугаар аян нь бүхэлдээ тариалан эрхлэх техник, технологид суралцах, туршлагажих, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд дорвитой амжилт авчирсан бөгөөд үйлдвэрлэл дээр үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж төлөвшсөн нь чухал үр дүн байлаа.
Хөдөө аж ахуйд орчин үеийн техник технологи нэвтэрч, атрын анхдугаар аян эхэлснээс хойших хугацаанд тракторын тоо 10 дахин, комбайны тоо 6 дахин нэмэгдэж хөрс боловсруулах, үр тариа тарих, хураах ажил 100 хувь механикжсан байна. Тариалангийн салбарын мэргэжилтэй боловсон хүчин, механикжуулагчдын тоо нэмэгдэж 1959 онд 25 агрономч, 125 агротехникч, 4 инженер, 86 механикч ажиллаж байсан бол аяны хугацаанд 554 агрономч, 696 агротехникч, 228 инженер, 620 механикч, 5000 гаруй тракторч, комбайнч бэлтгэгдсэн байна. Аян амжилттай хэрэгжсэнээр хөдөөд шинээр сум, суурингууд байгуулагдсан, гурилын хэрэгцээгээ дотоодоосоо хангаж их хэмжээний валют хэмнэсэн, малын тэжээлийн баазыг бэхжүүлж хэрэгцээт тэжээлийн 13-ийг таримал тэжээлээр хангадаг болсон, жилд 80.0-100.0 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадал бүхий 8 үйлдвэр ашиглалтад орж салбар маань дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэдэг болсон байна.
Атрын хоёрдугаар аяны хүрээнд тариалангийн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах иж бүрэн систем нэвтрүүлэх, үрийн аж ахуйг сайжруулах арга хэмжээ авч, улмаар газар тариалангийн үйлдвэрлэлд хавж элдэншүүлэх технологийг нэвтрүүлэн бордоо, ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгүүлснээр 1982 оноос таримлын ургац тогтвортой нэмэгдэж 1985 он гэхэд 886.2 мянган тонн үр тариа, үүнээс 688.0 мянган тонн улаанбуудай хураан авсан нь монгол улсын тариалангийн түүхэн дэх хамгийн дээд амжилт болсон байна.
1980 оны эцэст улсын хэмжээнд 54 сангийн аж ахуй, 19 тэжээлийн аж ахуй, 200 гаруй хөдөө аж ахуйн нэгдэл, 17 нэгдэл дундын үйлдвэр, 9 нэгдэл дундын хоршоод нийтдээ 1.2 сая га эргэлтийн талбайтай, жилд 630.0-690.0 мянган тонн буудай, 150.0-200.0 мянган тонн арвай, хошуу будаа, 250.0-310.0 мянган тонн дарш, ногоон тэжээл хурааж, буудайн гурил, төмс, хүнсний ногоо, таримал тэжээлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болсноор атрын хоёрдугаар аяны зорилт амжилттай хэрэгжсэн байна.
Тариалангийн үйлдвэрлэл нь эдийн засгийн бие даасан салбар болж эрчимтэй хөгжсөнөөр манай орны хөнгөн болон хүнсний үйлдвэрийн салбарын хөгжилтөд ихээхэн түлхэц өгч тухайн үедээ дотоодын нийт бүтээгдэхүүний 27-30 орчим хувийг үйлдвэрлэх хэмжээнд хүрч улс орныхоо хөгжил, эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулсан байна.
2008 оны Засгийн газрын 70 дугаар тогтоолоор “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлжээ.
Үндэсний хөтөлбөрийн хүрээнд зах зээлийн харилцаанд нийцсэн эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, таримлын сэлгээний оновчтой бүтцийг тогтоох, үр тариа, тэжээлийн болон бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, үрийн шинэчлэлийг эрчимжүүлж нутагшсан сортын үрийн нөөцийг бүрдүүлэх, дэвшилтэд технологид нийцсэн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, бордоо ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулахад чиглэсэн томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьсан байна.
“Атрын гурав дахь аян” -тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл хийж, дэвшилтэд технологи нэвтрүүлэн, үр тарианы нэгжийн дундаж ургацыг 25-30 цн-т хүргэж, тариаланчдынхаа нийгмийн баталгааг ханган, технологийн үйл ажиллагаагаараа шалгарсан, дэлхийн жишигт хүрсэн олон аж ахуйн нэгжүүд бий болж, бэхжиж чадавхижсан байна.
“Атрын гурав дахь аян”- тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, засгийн зүгээс бодлого, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байна.
Тухайлбал Тариалан өндөр хөгжсөн дэлхийн улс орнуудын жишгээр стратегийн таримал болох улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжиж гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний буудайн тонн тутамд Төрөөс мөнгөн урамшуулал олгох болсноор өнгөрсөн 11 жилийн хугацаанд улсын төсвөөс 177.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Үрийн чанар, хангамжийг сайжруулах, нутагшсан чанар сайтай сортын үрээр тариалах зорилгоор сүүлийн 10 жилд ОХУ-аас 24.5 мянган тонн, дотоодоосоо 43.6 мянган тонн, нийтдээ 68.1 мянган тонн буюу 82.7 тэрбум төгрөгийн буудайн үрийн нөөц бүрдүүлж аж ахуйн нэгж, иргэнд 10-30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож үрийн шинэчлэлд дэмжлэг үзүүлсэн байна.
Улсын төсвийн 58.1 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжийн 72.0 сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрээр зүтгэх хүчний трактор 755, үр тарианы комбайн 326, хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин 1062, хадлан тэжээл, төмс, хүнсний ногооны зориулалтын 8400 иж бүрдэл бага оврын техникийг импортоор авч аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.
Ургамал хамгааллын арга хэмжээг зохистой төвшинд хэрэгжүүлэх зорилгоор 33.6 мянган тонн буюу 39.7 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодис, 13.5 мянган тонн буюу 11.5 тэрбум төгрөгийн бордоог тус тус хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр олгож дэмжлэг үзүүлж иржээ.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хадгалах борлуулах элеваторын хангамжийг нэмэгдүүлэхэд сүүлийн 10 жилд улсын төсвөөс 26.1 тэрбум төгрөг, үтрэмийн аж ахуйн хангамж, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 4.6 тэрбум төгрөг, зоорийн аж ахуйн хангамжийг нэмэгдүүлэхэд 8.0 тэрбум төгрөг зарцуулсан байна. “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, махны дагнасан болон төрөлжсөн бөөний болон жижиглэн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” чиглэлээр 96.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.
Усалгаатай тариаланг сэргээн хөгжүүлэхийн тулд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон орон нутгийн өмчлөлийн 327 услалтын системийг сэргээн засварлаж, шинэчилж, шинээр байгуулахад улсын төсвөөс 37.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
“Атрын гурав дахь аян”- тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчиддээ 2.8 их наяд төгрөгийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлсэн байна.
Тариалангийн салбарт эрх зүй, эдийн засгийн чиглэлээр Төрөөс үзүүлсэн дэмжлэг, хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажилласны үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж, уналтаас гарч чадсан бөгөөд 2008-2018 онуудад жилд дунджаар 360.0-420.0 мянган га-д үр тариа, 13.0-14.0 мянган га-д төмс, 7.8 - 8.0 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж улсын дунджаар нэгжээс 14.5 - 16.9 цн үр тариа, 120.2-135.4 цн төмс, хүнсний ногоо хураан авч улаанбуудай, төмсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангах төвшинд хүрээд байна.