Анх 1982 онд хилийн цэргийн 0119 дүгээр ангийн цэрэг эрс Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн барилгыг барьж ашиглалтанд оруулсанаас хойш 37 жилийн дараа “Бат-Угсралт констракшн” ХХК 3 давхар 1750 м2 45 өрөө барилгыг барьж, намрын адаг сарын шинийн 22-ны билэгт сайн өдөр ашиглалтанд оруулаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Билгүүн, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж болон бусад албаны хүмүүс, хууль хяналтын байгууллагйн дарга, удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Tөр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хуулиар хэрэгжүүлэх үндсэн чиглэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр нэр төртэй зүтгэх нөхцөл боломжоор хангаж, “Бүтээлч-Өвөрхангай” хөтөлбөр, “Хот тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулахад үнэтэй бөгөөд бодитой хувь нэмэр оруулсан Улсын Их Хурлын эрхэм гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд, амар тайван Өвөрхангай нутгийн иргэд түмэн олондоо цагдаагийн газрын удирдлага, хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Нээлтийн үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан 17 алба хаагч, ахмад ажилчдыг Цагдаагийн ерөнхий газар болон аймаг орон нутгийн шагналааар шагнаж, урамшуулсан юм.