АНУ-ын Засгийн газрын Төрийн департаментын алба, Мансууруулах бодис болон хууль сахиулах олон улсын хамтын ажиллагааны газраас хамтран 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Филиппин улсын Кейзон хотод зохион байгуулсан “Хууль сахиулах салбарын манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт бага хуралд Монгол Улсын Цагдаагийн байгууллагыг төлөөлөн 10 эмэгтэй алба хаагч амжилттай оролцлоо.
Энэхүү бага хурал нь Зүүн өмнөд Азийн хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн хувьд анхдугаар хурал бөгөөд тус хуралд Вьетнам, Камбож, Индонез, Лаос, Малайз, Монгол, Мьянмар, Филиппин, Тайланд, Зүүн Тимор зэрэг улс, орнуудын хууль сахиулах байгууллагуудыг төлөөлөн 200 гаруй эмэгтэй алба хаагчид оролцон мэдлэг туршлага солилцон удирдлагын манлайлал, менежментийн ур чадварыг дээшлүүлэх, практик ур чадвар эзэмшүүлэх, хууль сахиулах салбарын түншүүдтэйгээ хэрхэн илүү үр дүнтэй харьцах, цагдаагийн алба болон олон нийтийн хоорондын эерэг харилцааг дэмжих стратеги төлөвлөлт хийх зэрэг сургалтууд зохион байгуулагдсан байна.
Энэхүү хурлын үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюуны санаачилсан хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх "Хүүхдийн бүртгэл, хяналтын систем”-ийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр Монгол улсыг төлөөлөн оролцсон бүрэлдэхүүн баг хамт олноороо ажиллан, нарийвчилсан стратеги төлөвлөлт хийж, зохион байгуулагч болон бусад орны төлөөлөгч нарт танилцуулсан нь онц сонирхолтой, бодит үр дүн өгөх төслөөр шалгарч, нийт 10 орны 200 гаруй алба хаагчаас “Хууль сахиулах үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэхийн төлөө шинэлэг ажил санаачилсан "Шилдэг эмэгтэй алба хаагч” шагналын батламж, хүндэт тэмдэгээр шагнагджээ.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж буй эмэгтэй алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.