Ираны тал Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад цохилт өгсөн нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшуудыг хөдөлгөж байна. Брэнт төрлийн нэг баррель нефтийн ханш өчигдрөөс 2.64 хувиар өсөж, 70.32 ам.доллар боллоо. Уг нь АНУ-ын хоригоос шалтгаалан 2019 оны тавдугаар сарын эхээр Иран улс газрын тосны зах зээлээс гарч буйгаа мэдэгдэн, Хятад, Энэтхэг, Итали, Япон, БНСУ, Турк зэрэг орнууд тус улсаас газрын тос импортлох боломжгүй болсон. Энэ нь нэг талаас газрын тосны нийлүүлэлтэд Ираны шууд нөлөөллийг үгүй хийсэн мэт харагдавч угтаа бол дэлхийн зах зээлийн үнэд хэрхэн нөлөөлж байгааг өчигдөр, өнөөдрийн үзүүлэлтүүд бататгаж байгаа юм.
Түүнчлэн генерал Касем Сулейманийн өшөөг авна гэж мэдэгдэж байсан Ираны тал 13 удаагийн цохилт өгнө гэж мэдэгдсэн нь таваарын зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсгэх нь гэсэн болгоомжлолыг дагуулж байна.
Сануулахад, энэ сарын 6-ны өдөр брент төрлийн нэг баррель нефтийн үнэ 70.27 ам.долларт хүрсэн бол өчигдөр 70 ам.доллароос уруудсан юм. Харин өнөөдөр ийнхүү эргээд ханш өсөв.
Дэлхийн зах зээл дээр нефтийн ханш өсөх нь Монгол Улсад нөлөөгөө үзүүлнэ. Нефтийн үнийн өсөлтөөс гадна дотоодод өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн төгрөгийн ханш нэлээд суларсан нь ам.доллароор нефтийн бүтээгдэхүүнээ авдаг манай тухайд түлшний үнэ өсөх гол хүчин зүйл болж буй.
Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 90 давсан хувийг ОХУ-аас импортоор авдаг. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Бензиний үнийн өсөлтийг 3 хувиас илүү гаргахгүй” гэсэн байр суурийг сүүлд илэрхийлсэн. Гэхдээ энэ нь дотоодын хэрэглэгчдэд нь хамаатай мэдэгдэл. Тэгвэл АМГТГ-ын мэдээллээр ОХУ-аас манайд нийлүүлэх Аи-92 бензиний хилийн үнэ ирэх сард тонн тутамдаа 30 ам.доллароор нэмэгдэх төлөвтэй байна гэсэн мэдээллийг өгсөн.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аи-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ гэсэн мэдээллийг өгч байна.
Засгийн газраас Аи-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс эрсдлийн сан/Hedge Fund/ байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авчээ.
Энэ хүрээнд Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй гэж тайлбарлаж байна.
Сануулахад ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлдэг А-80, Аи-92 автобензиний хилийн үнэ 2019 оны дөрөвдүгээр сард өмнөх гурван сарынхтай харьцуулахад 71 ам.доллароор нэмэгдэж байсан юм.
2019 оны эхний 11 сард Монгол Улс 471.5 мянган тонн автобензин импортолсон. Энэ нь 2018 оны мөн үеийн дүнгээс 78.4 мянган тонноор их. 2018 оны мөн үед 1 тонн автобензиний импортын дундаж үнэ 712.3 ам.доллар байсан бол 2019 оны эхний 11 сарын байдлаар 602 ам.доллар болж 15.5 хувиар буурсан үзүүлэлттэй байв.
Дизель түлшний импорт 989.3 мянган тонн байсан нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 225.1 мянган тонноор өссөн үзүүлэлт. 2018 оны эхний 11 сард 1 тонн дизель түлшний импортын дундаж үнэ 673.3 ам.доллар байсан бол 2019 онд 618.7 ам.долларт хүрч 54.6 ам.доллар буюу 8.1 хувиар буурсан. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97.5 сая ам.доллароор нэмэгдсэн. Тэгэхээр 2018 онтой харьцуулахад 2019 оны сүүлийн хагасад түлшний үнэ биднийг тэгтлээ дарамтлаагүй. Харин 2020 он гарсаар гадаад нөхцөл байдал хурцадмал байгаа нь цаашлаад үнэ өсөх эрсдэлийг дагуулж байна.