Цаг үеийн мэдээ

Төр урт хуруугаа юм бүхэнд, хөнжил гудсанд хүртэл дүрсээр ходоод гэдсэнд ч чихэж шургуулдаг. 11-р сарын 26-нд битүү шөл идэх өдөр болно. Монгол хүн Та аяганы амсраа  битүүлэн жигнэсэн гурилаа аажуухан нар зөв тойруулан ёслол төгөлдөр хуулж авахад улс тунхагласны учир битүүлэг уг түүх уур савсуулан ил болж эхэлнэ. Урьдын түүхийг ухааран танихын тулд үмх мах, өөхний хэрчим бүрийг амандаа тайвуухан зажлан, шөлөө уужуухан шоржигнуулан сорж, амтыг нь гүнээ шимэн мэдэрч, алсыг харангаа босоогоороо зооглоход, Анхдугаар үндсэн хуулийн утга учир, үнэ цэн ходоод гэдсэнд  нэвт шингэн орж, битүүлэг түүхийн ээдрээг ч бас тайлна. Цэвээн Жамсрано нарын үлгэрлэвээс Швейцар лугаа хөгжих, өрнө дорнын олон улсын Үндсэн хуулийг харгалзан боловсруулсан, өөрийн үндэсний шашин соёлыг бадраах төслийг тас хорьж, Москвагаас авчирсан төслийг орчуулан баталсан юм. 77 малчин ард цуглуулан гар өргүүлсэн энэ  орчуулгын өмнө Богд хаан гэнэт нас барах шаардлагатай болж, БНМАУ хэмээх зөвлөлт маягийн тоглоомын засаглалтай, дагуул улс болж, нэг нам дарангуйлсан коммунист тогтолцоо 1990 он хүртэл оршин тогтносон. Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлнэ гэж заахдаа алтан ургийн угсаа язгууртан, ван гүн, лам санваартанд улс төрийн ямар ч эрх олгохгүйг хуульчлан ялгасан. Парламентат засаглалын түүх гэж өнөөдөр тайлбарладаг ч УИХ дээд эрхийг барьж, чөлөө завсраар нь Улсын бага хурал  ажиллаж, өнгөц харахад ардын төлөөлөгчид төрийн жолоог атгаж байгаа мэт боловч  бүхний дээр коммунист намын хэмжээлшгүй эрхийг баталсныг битүү шөл хийж идэхдээ ухааран ойлгож болно. Ингэхэд 12-р сарын 29-ний Монгол Улсаа сэргээн мандуулсны, 1-р сарын 13-ны Шинэ ардчилсан Үндсэн хуулийн өдрийн хоолны жор, гэрийн даалгавраа авъя. Адууны махтай аарцтай шөл ямар вэ?   

Таны сурталчилгаа