Бороо орох, манан буух, хэт халах зэрэг байгалийн онцгой нөхцөл үүсэн үед ургамал дотор нэг төрлийн мөөгөнцөр ургадаг. Энэ мөөгөнцөр нь маш хүчтэй хорыг ялгаруулдаг. Үүнийг идсэн мал тэр дороо хордож үхдэг. Энэ мэт цаг уурын өөрчлөлтөөс болж ургамал хор ялгаруулах тохиолдол Говь-алтай аймгийн Хөхморьт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг зэрэг сумдад ихээр гарах болсон байна. Нөгөөтээгүүр манай орны зарим нутгаар мал идэж болохгүй хортой өвс ургамал ихээр ургадаг.
Тухайлбал: Өмнөговь аймгийн Булган, Сэврээ, Өвөрхангай аймгийн Богд, Баянхонгор аймгийн Богд, Баацагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Хөхморьт, Ховд аймгийн голын ай сав, наашлаад Буянт голын дагуу нүцгэн ортууз, хувьсамтгай хунчир гээд хоёр зүйлийн хотой ургамал ургадаг. Эдгээрийг идсэн мал аар өвс ургамал идэхээ байдаг. Нэг ёсондоо донтдог аж. Бэлчээрийн нөхцөлд хавар эрт үед цас ханзрах цагаар хамгийн түрүүнд ус, чийгээ авдаг учир хортой ургамлууд бусад ургамлаас түрүүлж ногоордог байна.
Ортууз / Алколоидтой ургамал/
Хортой ургамал идсэн мал бага хэмжээгээр хордсон бол 30 минутын дараагаас таталт өгөх, гэдэс нь дүүрэх, шингэн алдах, халуун нь буурах эсвэл халуурдаг байна. Энэ зарим нэгэн халдварт өвчинтэй төстэй шинж тэмдгийг агуулж байдаг. Харин хортой ургамал ихээр идсэн бол үхэх эрсдэлтэй юм. Бага хэмжээгээр хордсон малд шар сүү, айраг, тараг өгвөл зохистой бөгөөд цусыг ханах эсвэл мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй.
Хортой ургамал идсэн малын мах, сүүнд тэр хорыг саармагжуулдаг бодис агуулагдах ба хүний биед хортой юм. Манай улсын нийт малын үхлийн 95 хувь нь халдваргүй өвчнөөр үхдэг ба үүний 18 хувь хордлогоор үхдэг гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр талхлагдаж байгаатай холбоотой мал хордож үхэх нь олширч байна.