Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан 11-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятадын тал тухайн орон дахь тахлаас сэргийлэх, тогтоон барих ажлыг өчүүхэн ч сулруулахгүй үргэлжлэн сайтар хийхийн зэрэгцээ олон улс дахь хижиг тахлын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахаар хичээн чармайхад бэлэн байна гэжээ.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аднахом саяхан хэлсэн үгэндээ, шинэ төрлийн коронавиусийн уушгины хатгалгааны тахал олон улсын чанартай халдварт өвчин болох заналхийлэл маш тодорхой болж байна гэжээ. Хятадын тал цаашид олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагаагаа хэрхэн эрчимжүүлж, дэлхийн хэмжээнд хүнд ноцтой болж байгаа тахлын чиг хандлагын эсрэг тэмцэхээр бэлтгэж байгаа тухай холбогдох асуултад хариулахдаа Гэн Шуан дээрх үгээ хэлсэн байна.
Гэн Шуан хэлэхдээ, улс орнууд харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хижиг тахлын эсрэг гар нийлэн тэмцэж, бүс нутгийн болон олон улсын олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамтаар хамгаалахын чухал ажлыг улам дээшлүүлэх хэрэгтэй юм. Хятадын тал шаардлага бүхий улс орон, бүс нутагт эмчилгээний мэргэжилтний багийг томилох болно гэжээ.
“Одоогийн байдлаар Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Иран, Иракт мэргэжилтний баг томилж, тухайн нутагт үйл ажиллагаа өрнүүлэн, тус хоёр орон хижиг тахлыг сэргийлэн, тогтоон барихад нь тусалж байна. Үүнд тухайн нутгийн байгууллага болон ард иргэд бүгд сайн үнэлгээг өгсөн” гэж Гэн Шуан хэлжээ