Ухань хотын судлаачдын баг COVID-19 вирусээр халдварлаж нас барсан тохиолдлуудад шинжилгээ хийжээ. Тэд урьдчилан боловсруулсан тоо баримт цуглуулах маягтад үндэслэн нас барсан 82 хүний өвчний цахим түүхийг судалсан байна. Эдгээр нь бүгд Ухань хотын уугуул иргэд байсан бөгөөд дийлэнх нь хүнд хэлбэрийн COVID-19 вирусээр халдварласан гэсэн оноштой эмнэлэгт хэвтсэн гэнэ.
Энэ судалгааны зарим үр дүнг танилцуулъя:
- Нас барсан хүмүүсийн ихэнх нь (65.9%) эрэгтэйчүүд байжээ.
- Дийлэнх нь (80.5%) 60-аас дээш настай байсан бөгөөд дундаж нас нь 72.5 гэнэ.
- 76.8%-ийг хууч өвчтэй хүн эзэлж байжээ. Үүнээс цусны даралт ихсэх 56.1%, зүрх судасны өвчин 20.7%, чихрийн шижин 18.3%, тархины судасны эмгэг 12.2%, хорт хавдар 7.3%-ийг тус тус эзэлсэн байна.
- Амьсгалын дутагдал нь нас баралтын голлох шалтгаан (69.5 хувь) бөгөөд үүний дараа цусны халдварын хам шинж, олон эрхтний дутагдал (28.0%), зүрхний дутагдал (14.6%), цус алдалт (6.1%), бөөрны дутагдал (3.7%) оржээ.
- Нас барсан хүмүүсийн бүгдийнх нь уушги гэмтсэн аж. Мөн 89%-ийнх нь зүрх судас, 78%-ийнх нь элэг, 31.7%-ийнх нь бөөр өвчилсөн байжээ.
- Өвчний анхны шинж тэмдэг илэрснээс хойш нас барах хүртэлх дундаж хугацаа нь 15 хоног байв.
Орчуулагч Н.Санжаасүрэн
Эх сурвалж: 163.com