Цаг үеийн мэдээ

Монгол оронд урин дулаан хавар цаг хэдийнэ айлчилжээ. Өдрөөс өдөрт хүйтний эрч харьж, агаарын хэм нэмэх заалтад орж, улам улам дээш ахисаар байна. Улирлын энэ онцлог хүний сэтгэл санаанд тайвшралыг авчирдаг бололтой. Ойрын хоёр гурван өдөрт гудамжинд хөл хөдөлгөөн ихсэж, тоглоомын талбайд хүүхдүүдийн олноор тоглох нь үзэгдэх болжээ. Өмнө нь энэ бүхэн сайхан харагдах байсан ч яг одоогийн нөхцөл байдалд бид өөрсдийгөө эрсдлийн өмнө зүгээр л “тавиад туух” боломжоо бүрдүүлээд байна. Уг нь бид эдгээр өдрүүдэд хувь хувьдаа сахилга батаа ягштал барьж, нэг дор олноор цуглахгүй, гэр гэртээ байж байх ёстой. Ингэснээр өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаална гэдгийг бидэнд өдөр тутамд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сануулсаар байгаа. Гэтэл бодит байдал ойрын өдрүүдэд арай өөрөөр өрнөөд байгаа хэдэн жишээг бичье.

Жишээ 1. Өчигдөр оройны байдлаар (2020.03.23) өсвөр насны охид хөвгүүд сагсны талбайд тоглож байгаа харагдана. Эрүүл мэндийн яамнаас хоёроос дээш хүн нэг дор цуглахыг БӨӨГНӨРӨЛ гэж үзнэ гэж мэдэгдсэн. Гэтэл энэ талбайд 2 байтугай 20 хүүхэд цугласан харагдана. Ядаж байхад тэдэнд дунд амны хаалт зүүсэн нэг ч хүүхэд харагдсангүй. За яахав эдгээр хүүхдүүдийн энэ үйлдлийг цэвэр эхийн хариуцлагагүй байдал гэж үзэж болох ч дараах тохиолдлыг юу гэж тайлбарлах вэ?

Жишээ 2. Ойрын хэдэн дулаан өдрийг ашиглан хүүхдүүддээ салхилуулж байгаа ээжүүд. Гэвч тэд бүгд амны хаалт зүүгээгүй байх бөгөөд гурван ээж толгойгоо нийлүүлэн ямар нэг чухал зүйлийн тухай аминчлан ярьцгаана. Ёстой нөгөө амьсгал амьсгалаа мэдрэн ярилцаж байгаа бололтой, тун ойр дотно юм. Гэтэл хамгийн аймшигтай нь тэр ээжүүдийн салхилуулж буй бага насны хүүхдүүд мөн л амны хаалтгүй тоглоцгоож харагдана лээ. Уг нь тэр бяцхан үрсэд ямар ч буруу байхгүй л дээ. Хаанаас л бол хаанаас мэдээлэл авах боломжтой энэ нийгэмд хумсын толионы чинээ мэдлэггүй амьдарч буй тэдгээр эмэгтэйчүүдийг яалтай ч билээ. Өөрийгөө биш юм гэхэд үр удмаа хайрлах, хамгаалах мэдлэг биш юм гэхэд мэдрэмжтэй баймаар…

Жишээ 3. За мөн урин дулаан өдрүүдийг ашиглан нарлангаа найрлагчид. Байрны гадаах тоглоомын талбайд тойроод суучихсан ганц юм тойруулж байгаа бололтой, хэдэн эрчүүд. Мэдээж хэрэг тэдэнд амны хаалт байхгүй. Угаасаа амны хаалт зүүчихээд яаж ч уух вэ дээ? Бүр хамгийн супер аймшигтай нь нэг аягаараа ээлжлээд дамжуулаад ууцгаагаад байх юм. Бас болоогүй тамхиа дамжуулж татна лээ. Ажиглаад байвал юм юм л болох шинжтэй. Манайхан согтохоороо жигтэйхэн сайхан ааштай болдог улс удалгүй бие биенээ барьж авч үнсэх биз. Нөгөө халдвар хамгааллын тухай анхан шатны мэдлэг, өөрийгөө хамгаалах ухамсарыг тэднээс хайгаад ч нэмэр алга. За энэ мэт тоочоод байвал сайны хажуугаар саар зүйлс нэлээдгүй байх шиг байна. Уг нь олон улсын эрдэмтдийн судалгаагаар цаг агаарын дулаарал коронавирусийн халдварын тархалтад илүү эерэг нөлөөг авчирна гэсэн мэдээлэл бий. Уг нь цөөн хоног тэсчихвэл гайгүй л болох гээд байх шиг санагдах юм. Ямар зуны улирал урсаад алга болох биш дээ, эрүүл л байвал бидэнд салхилах цаг хангалттай олдоно. Тиймээс ард иргэд минь, эцэг эхчүүд минь жоохон мэдээлэлтэй байж өөрийгөө, үр хүүхдээ цар тахлын аюулаас хамгаална уу. Та ухамсартай, хариуцлагатай байснаар гэр бүлээ цаашлаад бусдыг аюулаас хамгаалж, урьдчилан сэргийлж чадна. Харин дээрх мэт байдал ахин давтагдвал “Зөрчлийн тухай” хуулиар хариуцлага тооцно гэдгийг анхаарна уу!

Сэтгүүлч У.Дашбат

Таны сурталчилгаа