Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.05.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэлж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа.

Байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр тогтоолын төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд замбараагүй олгогдсон уул уурхайн ашиглалтын зөвшөөрөлд тодорхой хязгаарлалт тавих, хууль бус алт олборлолтыг цэгцлэх, Гутайн даваа орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлж, цаашид газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлж, ингэхдээ шаардлагатай судалгааны ажлын шат дамжлагыг хялбаршуулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Үргэлжлүүлэн Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Таны сурталчилгаа