Монгол улсад анх 1948 онд Яармагийн дэнж дээр Ардын хувьсгалын 27 жилийн ойн баяр наадмын үеэр гадаа ринг засаж боксын тэмцээн зохион байгуулж байсан түүхэн замналтай энэ спорт нь өдгөө Монгол Улсынхаа нэр, алтан соёмбот далбаагаа олимп, тив, дэлхийн тавцанд мандуулсан амжилтыг дагуулсан их спорт болон хөгжжээ.
Дорноговь аймгийн Засаг даргын нэрэмжит холимог насны боксчдын олон улсын нээлттэй тэмцээнийг 2017 оноос хойш уламжлал болгон 4 дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээнд 27 байгууллага 259 тамирчин оролцож байгаа ба үүнээс ОХУ-ын 2 баг, БНХАУ Өвөр Монголын өөртөө засах орны 1 баг хүрэлцэн ирсэн байна.
Мөн үеэр Монгол Улсын шилдэг дасгалжуулагч, спортын мастер Гомбосүрэнгийн Баасан багшид Хүндэтгэл үзүүлж, Дорноговь аймгийн боксын холбооны тэргүүн Баярсайханы Гантөмөр амжилт гаргасан Дасгалжуулагч, тамирчдадаа хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.