Цаг үеийн мэдээ

"Глоб Интернэшнл” төвөөс "Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр"-ийг угтан Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Өнөөгийн байдлаар манай улс нь Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 180 орноос 73-т жагссан байна.

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр”-ийг энэ жил хараат бус сэтгүүл зүйг хамгаалан бэхжүүлэхэд анхаарахыг уриалж “Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй” гэж нэрлэжээ. 

“Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал " "Глоб Интернэшнл” төвөөс 2019 оны тавдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой мэргэжлийн эрхийн зөрчлийг бүртгэж ажилласан. Энэхүү асуулгад 86 сэтгүүлч оролцсон бөгөөд сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан талаарх нийт 274 зөрчил  судалгаанд бүртгэгдсэн. Судалгааны үр дүнгээс харахад сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан нийт зөрчлийн дийлэнх хувийг:

-Мэдээлэл өгөхөөс татгалзсан - 25 хувь

-Сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон гэр бүлийн хүнийг дарамталсан - 17 хувь

-Нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан - 16 хувь зэрэг зөрчлүүд эзэлж байна.

2019 оны тавдугаар сараас хойш хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт гарсан нь УИХ-аас Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Мэдээлэл харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

Харамсалтай нь Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус байдлыг баталгаажуулсангүй.

Мөн нэмэлт өөрчлөлт хийсэн Эрүүгийн хууль нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, Зөрчлийн тухай хуулийн “Гүтгэлэг” хэмээх зүйл заалт хүчингүй болжээ. Гэсэн хэдий ч нэр төр гутаахтай холбоотой хуулийн зохицуулалт дээрдсэнгүй.

Түүнчлэн судалгаанаас эмэгтэй таван сэтгүүлч тутмын нэгд эх сурвалж нь оройн цагаар чат бичих, хоолонд урих, уулзахыг хүсэх, тагнаж, чагнах зэрэг дарамт ирдэг нь тогтоогдсон. Хэвлэлийн эрх чөлөө нь хүн бүхэнд хамаатай.

Дарамтад өртөж байсан сэтгүүлч дунджаар дөрвөн удаа ийм байдалд орсон гэдэг нь их түгшүүртэй мэдээлэл. Мөн таван сэтгүүлч тутмын нэгийг түлхэх, цохих зэргээр хөнгөн болон хүнд гэмтэл учруулж байсан" гэлээ. 

Таны сурталчилгаа