Цаг үеийн мэдээ

       Одоогоос яг 10 жилийн өмнө ажил үүргийн хувиараар Улаан чулуутын хогийн цэг дээрх иргэдийн ажил амьдралыг сурвалжлах үүрэг хүлээж доор сурвалжлага нийтлэлийг бичиж байсан билээ. Харин өдгөө хэдийнэ арван жил өнгөрсөн хэдий ч хог ухаж амьдралаа залгуулагч тэдгээр иргэдийн амьдрал хэр өөрчлөгдсөн бол?  Арван жилийн өмнөх тэдний амьдралыг эргэн нэг харцгаая.

    Тэд өдөр бүр хөдөлмөрлөдөг. Маш хүнд хөдөлмөрийг ямар ч амралтгүй хийдэг ч олох орлого нь хэр тааруу. Гэхдээ тэд чамладаггүй. Тэдний гэр бүл олууллаа.  Өдөр бүр л нэмэгдэж байдаг. Тэд ч үүндээ дасчээ. 

Харин уншигч авхай та хэний тухай бичих гэж буйг таамаглаж ядаж байж магад. Эдгээр хүмүүс бол “Улаанчулуут”-хан.  

Нийслэл хотын маань баруун хойно байрлах Улаанчулуутын хогийн цэгт очлоо. Бяцхан тосгон үүсгэчихмээр л олон хүн бужигнаж, амьдрал ид буцалж байна. Сурвалжлагынхаа эхэнд нэг зүйлийг дурьдахад энэхүү бичвэрээрээ миний бие ард түмнийхээ нэгээхэн хэсэг болсон тэдгээр хүмүүсийг буруутгаж, муучилж нийгмээс тусгаарлах гэсэнгүй. Мөн цэрвэж сэжиглэхийг урьтал болгосонгүй. Халуун амьдрал дунд нь орж жинхэнэ үнэнийг мэдрэхийг хичээлээ. 

Хасах 20-иод градусын хүйтэн тачигнасан өглөө хогийн цэг дээр буугаад үнэхээр цочирдож балмагдсанаа нуугаад яахав. Зах нь үл харагдах овоорсон хогон дунд хүн, нохой зэрэгцэн олзондоо улайрч, тэнгэрт шувууд харанхуй таттал эргэлдэх юм. Аппарат сэлт барьсан биднийг хараад хэсэг хүмүүс ойртон ирлээ.  

      “Та нар биднээр яах гээв, бид дуртайдаа энд ирж хог ухаагүй, тэнэг мулгуудаа сайхан амьдралаас зугтаагаагүй” хэмээн шууд дургүйцлээ илэрхийлж байв. Харин удаан ярилцсаны эцэст ойлголцолд хүрсэн бөгөөд бүгд л санаа бодлоо илэрхийлэхийг хүсэж байлаа. Тэдний дийлэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд байдаг бөгөөд нэгэнт л Монгол Улсын иргэн гэдгээ батлах баримт бичиггүй учраас энд амьдрахаас өөр аргагүй болсон гэцгээнэ.

Иргэн Ц.Ө: Бид ажил хийж байна

      - Ах нь энд ойрхон амьдардаг. /Хаяанд шахуу байх гэр хорооллыг заав/ Цагтаа улсдаа хөдөлмөрлөж яваад тэтгэвэртээ суусан. Одоо ажлын байр маань энэ л болоод байна даа. Манайх хоёр оюутан хүүхэдтэй, тэднийхээ төлбөрийг эндээс л төлдөг. Өдрийн орлого маань 20.000-25.000 төгрөг болдог. Өглөө 6 цагт ирээд өдөржингөө ажиллаад орой харанхуйд буцдаг юм.  Шил лааз, хуванцар сав, картон цаас гээд борлуулж болохоор зүйлсээ түүж борлуулчихаад, оройдоо түлчихмээр зүйлсийг аваад харьдаг даа. Ер нь өвлийн улирал ядуу биднийг улам доройтуулж байна шүү дээ.  Ах нь амьдрал хэцүү байна хэмээн улиглах дургүй. Ер нь хэндээ ч найдаж тэгж хэлэх юм. Өөрөө өөрийгөө л болгож амьдарсан нь өнөөдөр хожино. 

Эдгээр хүмүүстэй ярилцаж явахад тэд ингэж амьдарч яваа бурууг хэн нэгэнд тохохыг хүсэхгүй байгаа мэт. “Яахав болно биз дээ. Ямартаа ч зугаацах гэж хог ухаагүй. Энэ маань бидний хувьд ажил, бид хогонд анхны шатны боловсруулалт хийдэг ажилчид хэмээн өөрсдийгөө бодож явдаг юм” хэмээцгээж байсан.

Тиймээ эдгээр хүмүүс буруу зүйл хийгээгүй. Харин “хог дагасан хүн сүрэг”, “Нохой муурны мах түүхийгээр нь идэгсэд” хэмээн нэр хоч зүүлгэсэн бичлэгүүдэд гомдож явдгаа илэрхийлсэн юм. Намайг өдрийн хугас тэнд байх хооронд архи ууж дэмий сэлгүүцсэн хүмүүс цөөн байсан. Бүгд л дор бүрнээ тонголзон чөлөө завсаргүй ажиллацгаах юм. Хог ачсан машинууд ч ар араасаа цувран ирцгээх бөгөөд хогоо асгах бүрт л 8 настай балчираас эхлээд хөгшин эмээ хүртэл хэн нэгнээс өрсөн очих гэж тэмүүлцгээнэ. Энэ дүр зургийг хараад сэтгэл эмтэрмээр ч   бидний “ажил” хэмээн өөрсдийгөө хатуужуулах үгэнд нь сэтгэл бага ч болов уужирна. Ядарсан нэгнээ улам дорд үзэх манайхны зан болсон хойно тэднийг хараад мал адгуус мэт үзэх нэгэн байхад сайхан сэтгэлээр хандагсад цөөнгүй байдаг аж. Тэдний нэг нь гадаадын хөрөнгө оруулалтай компанийнхан. Тэд долоо хоног бүрийн хоёр дахь өдөр ирж халуун цай боов боорцог, дулаан оймс бээлий зэргийг бүгдэд нь тараах гэж хичээдэг хэмээн тэд ам сайтай байсан.   

     Мөн өөрийгөө Өнөрөө хэмээн танилцуулсан эмэгтэй намайг гэртээ орохыг урьсан юм. Их хогны захад тэднийх байрлана. Гэр нь цаасан хайрцгаар барьж элдэв даавуу, хуучирч муудсан брензэнтээр дулаалсан дөрвөлжин хэлбэртэй оромж байх. Гэрийн гадаа түүж шуудайлсан хуванцар савнууд, мөн картон цаас, төмрийн хаягдал зэргийг овоолсон нь тэдэнд байгаа өмч нь. Гэрт ороход урт өргөөшөө хоёр алхам хэрийн зайтай бөгөөд жижиг модон сандал, мөлхөө ширээ, жижиг төмөр зуух,  нэг буланд нааран ор зэрэг тавилгууд харагдана. Мөн шургуулагагүй намхан шүүгээн дээр 4-5 төрлийн хумсны будаг, тос пудр, толь зэргийг өрсөн байгаа нь гэрт харагдах  цорын ганц өнгөлөг зүйлс байлаа. 

    -“Эдгээр зүйлсийг би худалдаж аваагүй ээ, авч ч чадахгүй биз. Хог дээрээс л олсон юм. Хэн нэгэнд л хэрэггүй болсон зүйлс хог нэртэй болж хаягддаг болохоос биш хэрэгтэй хүнд нь хэрэглээ болоод л явж байна шүү дээ” хэмээн тэдгээр гоо сайхны хэрэгслийг харж байгаа намайг анзаарсан гэрийн эзэгтэй ийн тайлбар хэлсэн юм.  Бид энэ тэрхнийг ярилцаж суухад гэрийн эзэн нэлээд олзтой байгаа бололтой хоёр шуудай дүүрэн ямар нэгэн зүйл дааж ядан үүрсээр орж ирлээ.

  

      –“Бид траншейныхан шиг хулгай хийхгүй, олсон мөнгөөрөө архи уудаггүй. Амьдралынхаа төлөө, талхны мөнгөө залгуулах гэж л явна. Бид хөдөө байхдаа бичиг баримтаа гээчихсэн учраас хүүхдийн мөнгө ч юм уу, халамж хүртэж чаддаггүй. Энэ ч яахав нэг их асуудал биш л гэж бодож байна. Залуу хүмүүс сайхан амьдрахын төлөө л зүтгэнэ. Харин хүүхэд өвдөх л хамгийн хэцүү байдаг юм. Өвчин нь хүндэрвэл бичиг баримтгүй учраас эмнэлэг авахгүй зовлон бий бусдаар эхнэр хүүхдээ хоосон хонуулж байсангүй” хэмээн ярих энэ залуу энэхүү амьдралдаа сэтгэл хангалуун бус ч өөрт оногдсон үүргээ авч явж чадаж байгаадаа бага ч болов бардам байх шиг.

      Уг хогийн цэгт 4-6 оромж харагдаж байсан. Өвлийн цагт хогийн цэгийг зоригсдын хөл татардаг гэсэн. Гэхдээ миний ажигласнаар эдгээр хүмүүст хүйтэн байх нэг их асуудал биш байгаа бололтой. Дийлэнх л ноосон цамцтай даарсан шинжгүй гүйлдэцгээх юм. 

    “Муу овоохойгоо цаасан хайрцгаар сайн дулаалахгүй бол горьгүй нь” хэмээн 70-аад насны эмээ өөртөө ахадсан том том цаасан хайрцгуудыг үүрч яваа харагдлаа. Хөгшин нас, хүнд хэцүү амьдралд нухлагдаж тоос дарсан царайтай эмээ нулимс цийлэгнэсэн гунигтай нүдээр алсын барааг ширтэн амсхийх зуураа бидэнтэй хуучилсан юм. Эмээ ганц хүүтэй ч олон жилийн ял аван шоронд явснаас хойш хог түүж амьдрах болжээ.

        “Зуны халуунд хогийн үнэр, ялаа батгана  хэцүү. Өвөл харин амар юмуу даа. Даарвал хогноосоо түлчихнэ. Дулаан хувцас, идэх хоолоо ч хог дээрээс олчихож байна. Ямарч байсан тураад үхчихгүй шиг болоод л байна. Бид ч яахав ингэсхийгээд амьдраад насыг барах байх. Харин энд байгаа хүүхдүүдийн  ирээдүйг бодохоор л өрөвдөөд байх юм” хэмээн эмээ хуучилсаар цаасаа үүрэн цааш алхлаа.

Тэдний түүж бэлтгэсэн хоёрдагч түүхий эдийг машинтай ченжүүд өдөртөө хэд хэдэн удаа ирээд худалдаж аваад явдаг аж. 

Хуванцар сав нэг кг нь 300, кардон цаас 50, шил арван төгрөг, тоосго нэг ширхгийг нь 60 төгрөгөөр зардаг гээд тус бүрдээ тогтсон үнэтэй юм. 

Хог түүгчдийн дунд бага насны хүүхдүүд нэлээд харагдана. Аливаа юм хийх тусмаа дадлагаждаг болохоор тэдгээр хүүхдүүд хогны машины өндөр тэвшин дээр явуут дунд нь үсэрч гараад хэрэгтэй зүйлсээ доош нь шидлэчих юм. Мөн явдал дунд нь үсрээд л буучихна. Ийм байдлаар гэмтсэн хүүхдүүд элбэг байдаг ч энд бол жирийн үзэгдэл мэт байх аж. 

      Машины тэвшин дээрээс буугсдын нэг болох 10-12 насны нэгэн хүүтэй уулзлаа. Хүү тэвшин дээрээс олсон бололтой хатсан боорцгийг халтар гараараа барьчихсан иднэ.       Тэрээр “ шинэ жил юмуу, цагаан сар зэрэг баяруудын дараа л “гоё” хог ирдэг шүү дээ.. Идэх юм ч их, зарах бараа ч элбэг. Би дэлгүүрээс бялуу худалдаж авч идэж үзээгүй. Харин шинэ жилийн баяраар идчихдэг. Баярын маргааш ирэх хогийг тэсэн ядан хүлээнэ. Жаахан хөлдчихсөн ч амт нь хэвээрээ алим мандарин ирдэг юм. Бас би ерөөсөө гацуур засаж үзээгүй” хэмээн балчир хүү санааширсан. Бээгээ хэмээн өөрийгөө танилцуулсан хүү ээжтэйгээ хогийн захад жижигхэн оромжид амьдардаг. Тэрээр бичиг үсэг мэдэхгүй боловч сургуульд суух хүсэлтэй хэмээж байсан юм. 

    

Хонгилын үзүүрт гэрэл бий юу?

       Монголын ирээдүй хогон дунд хувь заяатайгаа эвлэрч нохойноос дор амьдарч байгаа энэхүү мэдээлэл та бидэнд ч хамаатай.

“Нийслэл хотыг минь гутаасан муусайн хог түүгчид” хэмээн тэднийг адлагчид олон бий. Тэгвэл яагаад хог түүж  төлөө тэд ичих ёстой гэж. Тэд амьдрахын эрхэнд чаддаг зүйлээ хийж байна. Харин ард түмнийхээ төлөө элдвийг амласан албан тушаалтнууд ичих ёстойг эрхбиш мэдэж байгаа биз. 

     Хог дээрээс амьжиргаагаа залгуулах эцэг эхээ дагасан маш олон хүүхдүүд сургууль завсардацгааж, хүнд хүчир ажил хийцгээж байна. Харин эдгээр хүүхдүүдийн төлөө олон ажлуудыг санаачлан гүйцэтгэж байгаа ТББ –ууд байгаа нь сайшаагууштай.  Тэд гэр бүлээ тэжээх их ачааг үүрэлцэж яваа бяцхан хүүхдүүдэд эмнэлэгийн тусламж, үзлэг үйлчилгээ үзүүлэхээс гадна албан бус сургалтыг түлхүү явуулж байна. Одоогийн байдлаар 26 хүүхэд албан бус сургалтад бүртгүүлснээс 10 хүүхэд тогтвортой суралцсан байна. Эдгээрээс 4 хүүхэд хог түүх ажлаас бүрэн  хөндийрөөд байгаа гэнэ. Харин нэг хүүхэд 19 нас хүрч цаашид суралцах боломжгүй учраас энэ амьдралдаа эргээд ирсэн хэмээн тус байгууллагийнхан харамсан ярьж байлаа. Хүний төлөө хийсэн ажил багадаггүйн жишээ энэ.

     Сурвалжлага хийх явцад хогны машин тасралтгүй цуварсаар. Машин ирэх тоолонд надтай ярилцагсад дэрхийн гүйлдэн явцгаана. Арга ч  үгүй юм. Надтай таван үг солихоос илүү ганц лааз олох нь энэ хүмүүст чухал. Амьдарлын үнэ цэнэ нь ийм л  түвшинд байна. Буруутгахаас илүүтэй ойлгож хандацгаая.  

Бэлтгэсэн сэтгүүлч: У.Дашбат

 

Таны сурталчилгаа