Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт буюу зургадугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн III хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрт гал гарсан билээ.
Галыг унтраахаар найман ангийн 230, цагдаагийн 180 алба хаагч, 27 авто машинтай 40 минут ажиллаж галын тархалтыг зогсоожээ.
Тухайн үед утаанд угаартаж барилгын долоон давхарт байсан долоон иргэнийг авто механик шат ашиглаж буулгасан гэдгийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээллээ.
Тэрбээр галыг унтраах явцад гарсан хүндрэл, бэрхшээлийн талаар хэлэхдээ "Барилга бүхэлдээ утаа болж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон. Дулааны үйлчлэл жигд тархсан, шатах материал ихтэй, утаа зайлуулах, агааржуулалтын систем байхгүй байсан нь галыг богино хугацаанд тархах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь гал унтраах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан.
Тухайн үед онцгойгийн хоёр алба хаагч утаанд хордсон. Тэдэнд яаралтай тусламж, эмнэлгийн байгууллагын тусламжийг үзүүлсэн. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа болно" гэх тайлбарыг өглөө.