Энэ сарын сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд 1816 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Тус тохиолдлыг Дархан-Уул аймгийн салбар лабораторид илрүүлж, ХӨСҮТ-ийн төв лабораторид баталгаажуулжээ. Халдвартай иргэн ОХУ-ын ТИР машины жолооч, 53 настай эрэгтэй хүн байна.
Манай улсад коронавирусний 311 тохиолдол бүртгэгдсэнээс 298 нь эдгэрээд байна. Сувилалд 9 хүн, гэрийн ажиглалтад 26 хүн байгаа бол 263 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусчээ. Өнөөдрийн байдлаар халдвартай 13 хүн эмчлүүлж байгаагаас 6 хүний биеийн байдал хөнгөн, 7 нь хүндэвтэр байгаа аж.
ДЭМБ-аас “Дэлхийд Covid-19 халдварын тархалтаар ОХУ, АНУ, Энэтхэг, Бразил зэрэг орнууд тэргүүлж байна” гэж мэдээлжээ.