Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Сүхбаатарт баригдсан 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн нээлтэд оролцлоо.
Тус цэцэрлэгийг АНУ-ын Цэргийн Инженерийн Корпусын буцалтгүй тусламж, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар ТТК компани барьсан юм. Барилга ашиглалтад орсонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 25.5 сая төгрөгийн өртөг бүхий тавилга эд хогшил, тоглоом хэрэгсэл, зөөлөн эдлэлийг уг цэцэрлэгт хуваарилаад байна.
Цэцэрлэгийн барилга 8-9 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэхийн зэрэгцээ дулааны зардлыг хэмнэх эко технологиор баригджээ. Америкийн ард түмний тусламжаар Монгол Улсад дээрх эко стандартаар зургаан цэцэрлэгийг барих аж. Увс аймгийн Баруунтуруун, Дорноговь аймгийн Замын үүд, Сайншанд сум, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, нийслэлийн Баянзүрх дүүрэгт тус тус төлөвлөснөөс ийнхүү дөрөв дэхь ажлаа хэрэгжүүлсэн байна.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески болон орон нутгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцов.
эх сурвалж: БШУЯ