Цаг үеийн мэдээ

Сүүлийн үед Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн хориотой эм бэлдмэл илэрсэн тухай яригдаж байгаа. Өнгөрсөн Баасан гарагт буюу 2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлэл хийх үеэр бөхчүүдээс авсан шинжилгээний хариу БНСУ-аас гурав хоногийн өмнө ирсэн. Харин хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос комисс гаргаж тодорхой хугацаанд ажилласны дараа зарлана гэж байв. 

Харин өнөөдөр Монгол улсын аварга Н.Батсуурь хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө. 

Тэрээр: " Миний биеэс Предизин гэдэг эм илэрсэн байна. Энэ эм нь зүрхний шигдээстэй хүний хэрэглэдэг эмийн санд жоргүйгээр нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг эм. Миний шинжилгээний хариун дээр S4 бэлдмэл Very low буюу маш бага хэмжээгээр илэрсэн. Энэ эм нь допингийн хориотой эмийн жагсаалтад ордог эм гэдгийг мэдээгүй. Би лабораторийн шинжилгээний хариутай маргахгүй хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энийг би гадны нөлөөтэй гэж үзэж байна. Нэгэнт миний биенээс илэрсэн болохоор би барилдах эрхээ хасуулж, хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Миний удамд 70 жил барилдсан хүмүүс бий. Надад хийсэн бэлтгэл, туршлага, барилдах бие байна. Надад энэ эмийг уух шаардлага байхгүй. Гаднаас л орж ирсэн байх гэсэн хардлага байна.  Монголынхоо ард түмэн, бөх сонирхогчид та бүхнээсээ уучлал хүсье. Найзууддаа, бөхчүүддээ хандаж хэлэхэд ууж идэх зүйл дээрээ анхаараарай, цөвүүн цаг болсон байна шүү гэж хэлмээр байна" гэлээ. 

 

Таны сурталчилгаа