Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хуралдан бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувьд хүргэх урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд банкны салбараас эдийн засгийн бодит секторт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно. Тухайн шийдвэр, арга хэмжээ нь инфляцын зорилтыг хангаж, эдийн засгийн уналтыг сааруулан, улмаар сэргэлтийг дэмжих юм.
Эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр 2020 эхний хагаст 9.7 хувиар агшсан нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тохиолдоогүй, хүлээлтээс давсан огцом уналт боллоо. Гэхдээ мөнгөний болон сангийн бодлогын арга хэмжээнүүд, гадаад орчны сэргэлттэй холбоотойгоор энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн уналт саармагжиж, ирэх онд сэргэх төлөвт шилжихээр байна.
“КОВИД-19” цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО