Дэлхийн банк Группын гишүүн байгууллага болох ОУ-ын санхүүгийн корпорациас Монголын банкны холбоотой байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол улсад Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт (НСС)-ийн зах зээлийг хөгжүүлэх замаар ирэх таван жилийн хугацаанд өссөн дүнгээр нийт 200 мянга гаруй бичил болон жижиг дунд бизнес (БЖДБ) эрхлэгчдийн санхүүгийн төрөлжсөн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг сайжруулах юм.
БЖДБ эрхлэгчид санхүүгийн байгууллагуудаас зээл хүсэхэд барьцаа хөрөнгөнд нь барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгө шаарддаг нь тэдэнд томоохон хүндрэл үүсгэдэг байна.
ОУСК-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлэхдээ:
“COVID-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед БЖДБ эрхлэгчдэд туслах шинэлэг арга замыг хайж, нэвтрүүлэх нь чухал. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамааралтай” гэлээ.
МБХ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ хэлэхдээ:
“Наймдугаар сарын 28-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратегийн тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд МБХ зохицуулагч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ба үүнд ОУСК-ийн оролцоо чухал дэмжлэг болно” гэв.
ОУСК нь өнгөрсөн хугацаанд Колумб, Хятад, Гана, Вьетнам зэрэг дэлхийн 40 гаруй хөгжиж буй орнуудад хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байжээ. Монгол улсад НСС-ийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааг Швейцарын засгийн газрын Эдийн засгийн хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэй хэрэгжүүлэхээр болсон байна.