Өнгөрсөн сарын 29-ний өдөр Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 14 иргэн “Dream” зочид буудалд тусгаарлагдсан бөгөөд хоолны хордлогонд орсон байж болзошгүй байна.
МХЕГ-ын тандалт, судалгааны хэлтсийн дарга Баярболд “Тусгаарлагдсан хүмүүст нийтдээ зургаан төрлийн хоолоор үйлчилсэн бөгөөд тус хоолнуудаас 20 шинжилгээ авч, 14 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн зэрэгт шинжилгээг хийлгэхээр лабораториуд луу явуулсан. Манай улсын хувьд зургаан сарын хугацаанд иргэдээ татан авч, тусгаарлалтад байлгаж байгаа. Өмнө нь “хоолны хордлого” гарч байгаагүй учираас шалтгааныг бид хараахан тогтоогоогүй байна” гэж мэдээллээ.
ХӨСҮТ-ийн мэдээлж буйгаар хоолны хордлогонд орсон байж болзошгүй 14 хүмүүсийн биеийн байдал дунд зэрэгтэй байна гэж мэдээлсэн. Мөн 72 цагийн дараа шинжилгээний хариу “хоолны хордлогонд орсон” гэж гарвал зөрчлийн тухай хууль, COVID-19-ийн хуульд тулгуурлаж холбогдох этгээдэд хариуцлага тооцно гэдгийг онцолсон юм.